Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 33 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 33 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Кино урлагийг дэмжих тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын хамт нийтлэв. Энэ хуулийн зорилт нь кино үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд дотоодын кино үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, кино уран бүтээлчид, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлыг тусгасан анхдагч хууль юм. 

    Хуульд  уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлийг төрөөс баримталж ажиллах бөгөөд Засгийн газраас хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхээр тусгажээ. 

    Кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн зөвлөл ажиллах бөгөөд дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаас гадна зөвлөлийн гишүүний 70 хүртэлх хувийг мэргэжлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчийн төлөөлөл байхаар зохицуулсан. Кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх шинэ алхмыг бий болгож, кино үйлдвэрлэл болоод монгол хүний оюун санааны хөгжил, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болсон Кино урлагийг дэмжих сан, Кино бүтээх зардлын буцаан олголт, татварын дэмжлэгийн талаар тусгасан байна.

   Кино урлагийг дэмжих сангаар дамжуулан монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах болон арт кино бүтээх, монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж, кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тусгажээ. Кино үйлдвэрлэл гэж кино бүтээх, түгээхтэй холбоотой цогц үйл ажиллагаа тул энэхүү үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэн, гадаадын уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд хамтран ажиллах замаар монгол кино үйлдвэрлэх чадамж, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын сүлжээ бий болгоход чиглэгдсэн кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгохоор зохицуулжээ.

    Мөн энэ удаагийн эмхэтгэлд Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал,  “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах  арга хэмжээний тухай” тогтоолд  коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбоотой төрийн байгууллагуудын шийдвэр үйл ажиллагааны талаар болон цар тахлаар өвдөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл дутмагаас шалтгаалан өвчин хүндрэх, амь нас нь эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх, цар тахлын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах зэрэг асуудлыг тусгажээ.