Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын хамт нийтлэв. 

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бодлогын шинжтэй зохицуулалтуудыг шинээр тусгажээ. Тухайлбал, Төрөөс тусгайлан дэмжих соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж, байгаль орчин, уламжлалт ахуйтайгаа харилцан шүтэлцсэн нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалсан орон зай, газар нутаг болон монголын ард түмний оюун санааны нэгдмэл байдлыг илэрхийлэх бэлгэ тэмдэг болсон түүхэн суут хүний алдар, дүр төрхийг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандаж, хамгаалах, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх арга хэмжээг орон даяар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэргээр монголчуудыг бусдаас ялгах, соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулах, хамгаалах, тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлжээ.

Соёлын үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг тодорхойлж, соёл судлал болон соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэн зааж, иргэдийн соёлын үйл ажиллагааны үр шимийг хүртэх, соёлд насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ соёлын үнэт зүйлийг бүртгэж, хадгалж хамгаалах, дэмжих, түгээн дэлгэрүүлэх зүйлээ бүрэн тодорхойлж, бодлого, үйл ажиллагааг зохистой үр дүнтэй төлөвлөхөөр зохицуулсан байна. 

Соёлын салбар дахь түншлэлийг нэмэгдүүлж, түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байж, оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэд, тэдгээрийн үр хүүхдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, үндэсний соёлоо танин мэдэх, суралцах боломж, нөхцөл бүрдүүлсэн байна. 

Түүнчлэн соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгож, нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд  таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор зохицуулсаны зэрэгцээ аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад соёлын хяналтын улсын байцаагч ажиллахаар тусгажээ.

Мөн  шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тогтоолудыг нийтэлсэн. Тухайлбал, “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолд Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан нийт 73 төслийг тогтоолд тусгасан байна.

By admin