“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 42 дахь дугаарт Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Түүнчлэн Хэлэлцээр батлах тухай, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод 2016 оны 9 дүгээр 8-ны өдөр гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталжээ.

Мөн Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгэмд насжилтын талаар эерэг хандлага, зан байдлыг бий болгох талаарх Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, ахмад настны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, улсын хэмжээнд ахмад настны аж байдлыг тогтмол судалж дүгнэлт, санал гаргах, ахмад настан бүрт хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг Монголын ахмадын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэн хамтарч ажиллахыг Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 42 дахь дугаарт Нэр өөрчлөх тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэлжээ. Уг тогтоолоор Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг Үндэсний урлагийн их театр гэж өөрчилсөн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй эндээс татна уу:Татах

By admin