Хууль зүй, дотоод хэргийн яам болон Жендерийн үндэсний хороо, Хууль сахиулах их сургууль хамтран “Энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах болон хууль сахиулах салбарын эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд 2019 оны  03 дугаар сарын 06-ны  өдөр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд, Онцгой байдлын ерөнхий газар, ЗХЖШ, ХСИС, БХИС, Стратегийн судалгааны хүрээлэн  зэрэг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах албан тушаалд ажиллаж байгаа болон нөөцөд авагдсан эмэгтэй албан хаагчид хамрагдсан юм.

Сургалтыг нээж ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү сургалт нь  хууль сахиулах, батлан хамгаалах, аюулгүй байдлын  салбарын хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцооны талаар олон улсын түвшинд шинээр бий болж буй хандлагууд, жендерийн тэгш эрхийг хангах, төрөөс баримтлах бодлого, салбарын стратегийн хөтөлбөртэй нийцүүлэн, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш эрхийг хангасан ажиллах орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн агуулгын хүрээнд анх удаа зохион байгуулагдсан нь онцлогтой  байлаа.

 

By admin