Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны … дугаар сарын …-ны өдрийн … дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХҮНД ӨВЧТЭЙ ХОРИГДОЛД ЭМНЭЛГИЙН

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмаар хүнд өвчтэй хоригдолд /цаашид “хоригдол” гэх/ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх,  хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.

 

1.2.Хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх үйл ажиллагаанд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, “Хоригдлыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх журам”, “Нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дэглэм” болон энэхүү журмыг баримтална.

 

Хоёр. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх

 

2.1.Хорих анги нь эмчлэх эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэнтэй байх ба үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх зориулалтын өрөөтэй байна.

 

2.2.Хорих ангийн эмч анхны тусламжийн болон амилуулах суурь тусламжид шаардлагатай багаж хэрэгсэл, эм, тариагаар хангагдсан байна.

 

2.3.Хорих анги нь хоригдлын эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бүрдлийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан хугацаанд шимтгэлийг төлнө.

 

2.4.Хорих ангийн эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжид заасан эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд хувь хүний харьцаа, хандлага, хорих ялын хугацаа, дэглэмээс үл хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээг хоригдолд тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.

 

2.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын тушаалаар Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлгийн “эмнэлэг хяналтын комисс”-ыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

2.5.1.ерөнхий эмч;

2.5.2.эмчилгээ эрхэлсэн орлогч;

2.5.3.мэс заслын тасгийн эрхлэгч;

2.5.4.мэдрэлийн тасгийн эрхлэгч;

2.5.5.дотрын тасгийн эрхлэгч;

2.5.6.онош зүйн тасгийн эрхлэгч;

2.5.7.нарийн бичгийн дарга.

2.6.Эмнэлэг хяналтын комисс нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаатай холбогдох хууль  тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хорих ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчнөөр өвчилсөн эсэх талаар дүгнэлт гаргаж, прокурорт танилцуулах, “Хоригдлыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх журам”-ын 2.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Гурав. Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил

хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх

 

3.1.Хоригдолд ялаас чөлөөлөх өвчний шинж илэрсэн тохиолдолд хорих ангийн захиргаа Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлэгт мэдэгдэж, хоригдлын биеийн байдлыг харгалзан ажлын 5 хоногийн дотор Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлэгт өвчтөн шилжүүлэх журмын дагуу шилжүүлнэ.

 

3.2.Хоригдлын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шилжүүлэх боломжгүй тохиолдолд нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комисс газар дээр нь очиж үзлэг хийн дүгнэлт гаргана.

 

3.3.Нэгдсэн эмнэлэг энэ журмын 3.1-д заасны дагуу шилжиж ирсэн хоригдолд төрөлжсөн мэргэшлийн үзлэг, шинжилгээ хийж, ялаас чөлөөлөх өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч энэ тухай үнэн зөв баримтыг бүрдүүлж нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комисст даруй танилцуулна.

 

3.4.Нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комисс нь энэ журмын 3.3-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг үндэслэн ялаас чөлөөлөх өвчний жагсаалтын 2.2-т заасан шинжилгээ, оношийг нягталж хоригдлын биеийн байдлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ газар дээр нь үзэж дүнг хурлаар хэлэлцэж санал нэгдвэл хурлын тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан, ялаас чөлөөлөх санал, эрүүл мэндийн тодорхойлолтыг хоригдлын хувийн хэрэг, ялын тооцооны хамт прокурорт хүргүүлнэ.

 

3.5.Прокурор энэ журмын 3.4-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг хянан үзэж саналыг үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна.

 

3.6.Зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээд ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчнөөр өвчилсөн бол харьяа эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, баривчлах төв, байрны захиргаа ял, баривчлах шийтгэлээс чөлөөлүүлэх саналаа прокурорт хүргүүлнэ.

 

 

 

—о0о—

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны … дугаар сарын …-ны өдрийн … дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

 

ХОРИХ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ, БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.7 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 157, 255 дугаар зүйлийг тус тус үндэслэн хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс өвчний учир чөлөөлөх үйл ажиллагаанд энэхүү жагсаалтыг ашиглана.

Хоёр. Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт

 

2.1.Баривчлагдсан этгээд, ялтан, хоригдол нь дор дурдсан өвчнөөр хүнд өвчилж эд эрхтэний эргэшгүй өөрчлөлтийн улмаас хүний асрамжинд орсон үед ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчнөөр өвдсөн гэж үзнэ.

2.1.1.Цусны эсийн хорт хавдар,

2.1.2.Цус төлжихгүй болсон цус багадалт,

2.1.3.Үргэлжилсэн уналт, таталтын байдал /эпилепси статус/, хоёроос дээш эмэнд дасалтай эпилепси,

2.1.4.Чихрийн шижин өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах,

2.1.5.Холбогч эдийн тогтолцооны өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах,

2.1.6.Үе барьцалдсанаас өөртөө үйлчилж чадахгүй болсон /Окороковын үйл ажиллагааны ангилалын III үе, Бейнклерийн ангилалын IV үе/,

2.1.7.Олдмол ухаан тэнэгрэлийн хүнд хэлбэр, /F00, F01, F02, F03/,

2.1.8.Үлдэц шизофрени /сэтгэцийн нэгдмэл үйл задрах эмгэгийн тасралтгүй болон дефект улам нэмэгдэх хандлагатай үе үе хөдлөх шизофрени /F20.50, F20.51/

2.1.9.Хөгшрөлтийн улмаас өөртөө үйлчлэх чадвар алдагдсан, бусдын асрамжинд орсон,

2.1.10.Тархи, нуруу нугас, хязгаарын мэдрэлийн дарагдал, үрэвслийн хүнд хэлбэр /бусдын асрамжинд орох/:

2.1.10.1.Сөнөрөлд өртсөнөөс  үүссэн хос, тал саа,

2.1.10.2.Дөрвөн мөчийн саажилт,

2.1.10.3.Аарцгийн үйл ажиллагааны хямрал /баас, шээс хоригдох эсвэл задгайрах.

2.1.11.Хоёр гар оролцон гурван мөч, эсхүл дөрвөн мөчийг өвдөг, тохойн үеээс дээгүүр тайрагдсан,

2.1.12.Хоёр нүд сохрох,

2.1.13.Өмөнгийн 3-4 дүгээр үе,

2.1.14.Ясны идээт үрэвслийн улмаас эрүүг мэс заслаар авсан тохиолдол,

2.1.15.Гэмтэл болон өвчний улмаас үүссэн амин эрхтний үйл ажиллагааны дутмагшил:

2.1.15.1.Тархины  комын байдалтай,

2.1.15.2.Цусны эргэлтийн архаг дутмагшлын II-III үе,

2.1.15.3.Амьсгалын архаг дутмагшлын II-III үе,

2.1.15.4.Элэгний архаг дутмагшлын II-III үе,

2.1.15.5.Бөөрний архаг  дутмагшлын II-III үе,

2.1.15.6.Гэдэсний архаг дутмагшлын шувтаргын үе /нарийн, бүдүүн гэдэсний архаг өвчний улмаас 21 хоногоос дээш мэдээгүй суулгаж тураалын III-IҮ зэрэгт орсон бол/,

2.1.15.7.Олон эрхтний архаг дутмагшил.

2.1.16.Сүрьеэгийн хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдол:

2.1.16.1 Элэгний циррозийн ээнэгшил алдагдсан үе,

2.1.17.Сүрьеэгийн менингитийн улмаас мөчдийн саажилт үүссэн өвчтөн бусдын асрамжид орох,

2.1.18.Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ)-ийн халдварын IV үе шат (ДОХ) дараах өвчний амь насанд аюултай үе шат хавсарсан:

2.1.18.1. ДОХ уялдаат өвчин,

2.1.18.2. Дагалдах халдвар,

2.1.18.3. Суурь өвчин.

2.1.19.Хөдөлмөрийн чадвар алдах:

2.1.19.1. Бүрэн алдсан буюу 70-аас дээш хувиар алдсан;

2.1.19.2. Хагас (хэсэгчлэн) алдсан буюу 50-69 хувиар алдсан.

2.2.Энэхүү жагсаалтын 2.1.19-т заасан өвчин нь зөвхөн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтанд хамаарна.

2.3.Зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөхөд энэхүү жагсаалтын 2.1.2, 2.1.7, 2.1.14, 2.1.15.4, 2.1.15.5, 2.1.16.1, 2.1.19 дүгээр заасан өвчин хамаарахгүй.

2.4. Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан өвчнийг дараах шинжилгээ, оношилгоогоор баталгаажуулна.

 

д Өвчний нэр Шалгуур
1. Цусны эсийн хорт хавдар    –   Гематологийн шинжилгээнд залуу эсүүд гарах

–   Цус, чөмөгний түрхэцийн шинжилгээ

2. Цус төлжихгүй болсон цус багадалт    –   Цусны түрхэц шинжилгээ /+/

–   ЦЕШ

3. Үргэлжилсэн уналт таталтын байдал, хоёроос дээш эмэнд тэсвэртэй эпилепси    –   Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг

–   ЭКГ

–   Толгойн КТГ

–   Хүчил шүлтийн тэнцвэр

–   Тархины цахилгаан бичлэг /агшин болон унталтын үеийн/

4. Чихрийн шижин өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах –       Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, дүгнэлт

–       ЦЕШ

–       ШЕШ

–       ЭКГ

–       Глюкозжижсан гемоглобин

–       Нүдний уг харах

–       Биохимийн холбогдох үзүүлэлтүүд

–       Давамгайлан гэмтсэн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг үнэлэх  нарийвчилсан шинжилгээ, төрөлжсөн  мэргэжлийн үзлэг, дүгнэлт

5. Холбогч эдийн тогтолцооны өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах –       Эрхтэн тогтолцоог үнэлэх лабораторийн болон багажийн шинжилгээ

–       Иммунологийн эсрэг бие шинжилгээ

–       Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, дүгнэлт

–       Давамгайлан гэмтсэн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг үнэлэх  нарийвчилсан шинжилгээ, төрөлжсөн  мэргэжлийн үзлэг, дүгнэлт

6. Үе барьцалдсанаас өөртөө үйлчилж чадахгүй болсон үе /Окороковын үйл ажиллагааны ангилалын III үе, Бейнклерийн ангилалын IV үе/ –       Үений рентген зураг

–       Үений КТ, шаардлагатай бол MRI

–       Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт

–       Ясны нягтын шинжилгээ

7. Олдмол ухаан тэнэгрэлийн хүнд хэлбэр / F00, F01, F02, F03/ –       Сэтгэцийн  төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг

–       Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ

–       Шаардлагатай тохиолдолд тархины   багажийн шинжилгээ /КТГ, MRI, рентген зураг/

–       Шүүх сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээний үнэлгээ, дүгнэлт

8. Үлдэц шизофрени /сэтгэцийн нэгдмэл үйл задрах эмгэгийн тасралтгүй болон дефект улам нэмэгдэх хандлагатай үе үе хөдлөх шизофрени /F20.50, F 20.51/ –       Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээний үнэлгээ дүгнэлт

–       Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ

9. Хөгшрөлтийн улмаас өөртөө үйлчлэх чадвар алдагдсан, бусдын асрамжинд орсон –       Сэтгэцийн  төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг

–       Настны бие даах чадварын Катзын үнэлгээ

/ 9-0 балл /

–       Настны багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын  Лавтоны үнэлгээ /13-6 балл /

–       Настны сэтгэцийг үнэлэх хураангуй сорил буюу 30 онооны ММЕТ /13-6 балл/

–       Настны сэтгэл гутралыг үнэлэх сорил, 15 асуулттай  /5 ба түүнээс дээш оноо/

10. Тархи, нуруу нугас, хязгаарын мэдрэлийн дарагдал, үрэвслийн хүнд хэлбэр /бусдын асрамжинд орох/

·                 сөнөрөлд өртсөнөөс хос, тал саа,

·                 дөрвөн мөчийн саажилт,

·                 аарцгийн үйл ажиллагааны хямрал /баас, шээс хоригдох эсвэл задгайрах

–       Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг

–       Тухайн эрхтний КТГ

–       Нүдний уг харах

–       MRI шинжилгээ

11. Хоёр гар оролцон гурван мөч, эсхүл дөрвөн мөчийг өвдөг, тохойн үеээс дээгүүр тайрагдсан –       Рентген зураг

–       Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, дүгнэлт

 

12. Хоёр нүд сохрох –       Нүдний төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээ, дүгнэлт
13. Өмөнгийн 3-4 дүгээр үе –       Хавдарын маркер

–       Эд, эсийн шинжилгээ

–       Тухайн эрхнийн КТГ

–       Биохими

–       Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, дүгнэлт

14. Ясны идээт үрэвслийн улмаас эрүүг мэс заслаар авсан тохиолдол –       Гавлын рентген зураг

–       Төрөлжсөн эмчийн үзлэг, дүгнэлт

15. Гэмтэл болон өвчний улмаас үүссэн амин эрхтний үйл ажиллагааны архаг дутмагшил –       Холбогдох шинжилгээ, төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг

 

Комын байдлыг үнэлэхдээ:

 

–       Ухаан санааны үнэлгээ /3-8 балл/

–       Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

–       Биохимийн үзүүлэлтүүд

–       Протромбины хугацаа

–       Цусны өсгөвөр

–       ЭКГ

–       Цээжний рентген зураг

–       КТГ

–       Нугасны ус

–       Хэвлийн хэт авиан шинжилгээ

–       Тархины доплер

–       Тархины цахилгаан бичлэг

16. Сүрьеэгийн хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдол:

·                 Элэгний циррозийн ээнэгшил алдагдсан үе

–       Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, дүгнэлт

–       Хэвлийн ЭХО

–       Рентген зураг

–       ЦЕШ

–       Цэрний түрхэц

–       Микобактери илрүүлэх шинжилгээ

–       Биохими

–       Хепатитийн вирүсийн маркер

17. Сүрьеэгийн менингитийн улмаас мөчдийн саажилт үүссэн өвчтөн бусдын асрамжид орох, –       Сүрьеэгийн эмчийн үзлэг

–       Мэдрэлийн эмчийн үзлэг

–       Рентген зураг

–       Тархи, нугасны шингэний шинжилгээ

–       ЦЕШ

–       Биохими

18. Хүний дархлал хомсдлын вирүс (ХДХВ)-ийн халдварын IV үе шат (ДОХ) дараах өвчний амь насанд аюултай үе шат хавсарсан:

 

·                 ДОХ уялдаат өвчин

·                 Дагалдах халдвар

·                 Суурь өвчин

–       Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг

–       CD4 эсийн тоо

–       ХДХВ-ийн ачаалал

–       Бусад дагалдах халдварын лабораторийн шинжилгээ

–       ЦЕШ

–       Биохими

–       Хэвлийн ЭХО

19. Хөдөлмөрийн чадвар алдалт:

 

·                     Бүрэн алдсан буюу 70-аас дээш хувиар алдсан;

·                     Хагас (хэсэгчлэн) алдсан буюу 50-69 хувиар алдсан.

–       Эмнэлэг хөдөлмөрийн магадлах
комиссын дүгнэлт

 

—о0о—

Та бүхэн журам, жагсаалтын төсөлд тодорхой саналыг 70001387 утсаар болон infoncs@cd.gov.mn цахим хаягаар өгөх ба бичгээр ирүүлнэ үү.

By admin