Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад “Хүний эрхийн мэдлэг олгох сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа хорих болон хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрхийг хангах чиглэлээр хамтарч ажиллах талаар мэдээлэл өгч, мэндчилгээ дэвшүүлсэн.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын болон нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, төвийн бүсийн хорих ангийн дарга, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны алба хаагч, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нар хамрагдлаа.

Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих анги, цагдан хорих байранд хийсэн хяналт, шинжилгээ, цаашид анхаарах асуудал”, Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”, “Эрүү шүүлт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулан, харилцан санал солилцож, зөвлөгөөн үр дүнтэй болж өндөрлөлөө.

By admin