Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Монгол Улсын хуулиудын англи хэл дээрх албан бус орчуулгыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем “legalinfo.mn” сайтад байршуулж эхэллээ.

Энэхүү санаачилга нь судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл авах, харьцуулах зорилготой иргэд, байгууллага хуулиудын англи хувилбартай танилцах, гадаадын аливаа этгээд манай улсын хууль, эрх зүйн орчны талаарх мэдээллийг түргэн шуурхай олж авах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Манай сайтад одоогоор Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай зэрэг хуулиудын англи хувилбарыг эхний ээлжинд байршуулаад байна .

Цаашид эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудаст технологийн шинэчлэл хийх, шаардлагатай хуулиудыг орчуулах, тэдгээрийг иж бүрэн, хүртээмжтэй байдлаар хэрэглэгчдэд хүргэн ажиллахаар төлөвлөж байна.

Хуулиудын англи хувилбартай Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтын <https://www.legalinfo.mn/details/1317> холбоосоор танилцах боломжтой.

By admin