МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Дугармаатай гэр бүлийн маргааныг хэрхэн шийдвэрлэх, шүүгчдийг яаж мэргэшүүлэх талаар ярилцлаа.

-Иргэний хэргийн шүүхэд шийдэгдэж байгаа маргааны 10-12 хувь нь гэр бүлийн маргаан гэдэг статистик байдаг. Гэр бүл салалт өндөр үзүүлэлттэй байна гэж ойлгож болох уу?

-Сүүлийн арван жилийн статистик, үзүүлэлтээр шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн хоёрдугаар байрт гэр бүлийн маргаан орж байна. Нийт хэргийн 12 хувийг гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан эзэлж байна гэсэн үг. Энэ нь дангаараа гэрлэлт цуцлалт гэж үзэж болохгүй. Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтаар шүүхэд харьяалуулсан гэрлэлт цуцлах, хүүхдийн эцэг эхийг тогтоох, эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах, хүүхдийн тэтгэлэг тогтоох, үрчлэлтийг хүчингүйд тооцох, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоосныг хүчингүйд тооцох, гэрлэлт цуцалсныг сэргээх зэрэг олон хэрэг маргааныг шүүх шийддэг. Статистик мэдээнээс үзэхэд гэрлэлт цуцлах хэрэг нь нийт гэр бүлийн маргааны 62 хувийг эзэлж байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр гэрлэлт цуцлах маргаан дийлэх хувийг эзэлж байна гэсэн үг.

-Гэр бүл салалтын шалтгаан, нөхцөл нь юу байна вэ?

-Гэрлэлт цуцлах шалтгааныг шүүх тогтоох ёстой. Шалтгааныг нь харгалзаж үзээд гэрлэгчдийг эвлэрүүлэх үү, эвлэрүүлсэн нь хүүхдийн эрх ашигт нөлөөлөх үү, гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашгийг хөндөх үү зэрэг бүх асуудлыг цогцод нь авч үзэх шаардлагатай. Гэр бүл цуцлаж байгаа нь нийгмийн байдлаас ч шалтгаалдаг. Мөн гэрлэгчдийн өөрсдийн зан байдал, ёс суртахуун, боловсролтой холбоотой. Төрөл садан, ах дүү нь нөлөөлдөг, архидан согтуурдаг, бие биедээ хүчирхийлэл үзүүлдэг зэрэг үндсэн шалтгаан байна. Энэ шалтгаануудыг нарийвчлаад үзвэл гэрлэлт цуцлаж байгаа үндэслэлийн дийлэнх нь зан байдал нь хоорондоо тэнцэхгүй, архидалтаас үүдэлтэй байгаа юм.

-Шүүхийн шатанд гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлагч ажилладаг болсон. Үр дүн гарч байгаа болов уу?

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдснаар эвлэрүүлэн зуучлалд заавал хамрагддаг иргэний хэрэгт гэр бүлийн маргаан байна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, гэрлэлт цуцлах хэргийг шүүх шийдвэрлэхдээ өмнө нь эвлэрүүлэн зуучлалд заавал очих ёстой гэж үздэг. Харин гэрлэгчид бие биенээ байнгын хүчирхийлэлд байлгадаг, тэр нь амь нас, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөтэй нь нотлогдвол эвлэрүүлэн зуучлагчид очихгүй шууд шүүхээр шийдэгдэнэ. Харин хүчирхийлэл үйлддэггүй бол гэр бүлийг эвлэрүүлье, нэг айлыг ч гэсэн элэг бүтэн байлгая гэсэн төрийн бодлого бий. Төрийн бодлогоор эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа. Гэхдээ эвлэрүүлэн зуучлал нь шинэ тогтолцоо гэдэг утгаараа засч сайжруулах, боловсронгуй болгох шаардлага бий.

-Гэр бүлийн харилцаа онцлог. Тэд маргаанаа шийдүүлэхээр шүүхэд очихдоо болгоомжлох, зайлсхийх хандлагатай байдаг. Шүүхийн орчинг гэр бүлд зориулж өөрчлөх шаардлагатай юу?

-Гэр бүлийн холбогдолтой маргааныг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй маш олон улс бий. Мөн Асран хамгаалалтын шүүх, Хүүхэд залуучуудын шүүх гэдэг бие даасан шүүхтэй улс ч бий. УИХ-аас 2004 онд баталсан “Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого”-д гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг мэргэшсэн шүүгч шүүдэг тогтолцоо руу орно гэж заасан байдаг. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгч гэр бүлийн маргааныг бусад хэрэгтэй яг адилхан байдлаар шийдэж байгаа. Гэр бүлийн харилцаа нарийн нандин, онцлог. Тэр утгаараа хэргийн харьяалал, шүүхийн харьяалал, шүүхийн нотолгоо, шүүхээс гарсан шийдвэрийн биелэлтийг хангах, шүүхэд ирж шүүх хуралдаанд оролцох эрхээ хангуулах нь хүртэл онцлог байх ёстой. Энэ байдлаар яах аргагүй мэргэшсэн шүүгч ажиллах шаардлагатай. Гэтэл бусад иргэний хэрэгтэй адил байдлаар авч үзэж байгаа учраас процессын хууль болон шүүхийн эрх зүйн байдлыг хуульд нийцүүлэх шаардлага байна.

-Үндсэн хуульд дагнасан шүүхтэй байхыг зөвшөөрсөн. Нэгэнт хориглоогүй учраас гэр бүлийн дагнасан шүүх байгуулах боломжтой гэсэн үг биз дээ?

-Дагнасан шүүх байгуулахад хөрөнгө мөнгө, зардал гээд бүх асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн байх ёстой. Захиргааны хэргийн шүүхийг яаж байгуулсан билээ. Түүнтэй адил орчин нөхцөлийг бий болгож, тооцоо судалгааг нь гаргаж байж хууль, журамтай нь уялдуулж байж шийдэх шаардлагатай.

-2004 онд баталсан бодлогын баримт бичигт мэргэшсэн шүүх гэр бүлийн маргааныг шийддэг тогтолцоо бүрдүүлэх хугацааг заасан уу?

-Хугацаа заагаагүй. Гэхдээ цаг үеийн зайлшгүй шаардлага бий болсон. Үүнтэй уялдан төрөлжсөн шүүх байгуулах асуудал яригдаж байна. Ингэхдээ шүүх дотроо байгуулах уу, хэд хэдэн шүүх харьяалах уу гэдэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлогын асуудал болов уу.

-Шүүгч гэр бүлийн маргаанаар мэргэших нь ямар ач холбогдолтой вэ?

-Одоо нэг шүүгч иргэний зээлийн маргаан, ажил гүйцэтгэх гэрээний маргаан, гэр бүлийн маргаан гээд иргэний хэргийн бүх маргааныг шийддэг. Шүүгчийн ачаалал маш их. Шийдэж байгаа хэргүүдийнх нь материаллаг хууль нь өөр өөр. Тэгэхээр мэргэшсэн шүүгч илүү үр дүнтэй ажиллах нь зайлшгүй.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуульд заасан “Гэр бүл, хүүхдийн эрхийг төр хамгаална” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа хэлбэр. Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан иргэний бусад маргаанаас онцлогтой. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг. Гэр бүлийн хуульд зааснаар шийдвэр гаргасан шүүгч иргэний бүртгэлийн байгууллагад тодорхой хугацаанд хүргүүлэх ёстой. Шүүхийн ачааллаас үүдэлтэй энэ зохицуулалт хэрэгжих нь ховор. Мэргэшсэн шүүгч, дагнасан хэлбэрээр зохицуулагдвал гэр бүлийн хамгаалалт жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой. Гэрлэлт цуцлах шалтгааныг нэхэмжлэлд заавал тусгасан байхыг шаарддаг. Энэ нь дундын эд хөрөнгийн маргаан гарвал хэн нь буруутайгаас шалтгаалж хөрөнгө оногдох хэмжээг тогтоох үндэслэл болдог. Шүүгч мэргэшээд эхэлбэл үүнийг хангах боломж бүрдэнэ.

-Гэрлэлт цуцлахад хүүхдийн саналыг авдаг. Хүүхдийг шүүхэд аваачаад байцаах нь хэр оновчтой вэ?

-Гэрлэлт цуцлахад 7-гоос дээш настай хүүхдийн саналыг авдаг. Тухайн хүүхдийг хэнийх нь асрамжид үлдээх шийдвэр гаргах вэ гэдэгт хүүхдийн санал нэг шалгуур нь болдог. Мэдээж хүүхэд шүүхэд очиж саналаа хэлэх хэцүү. Тиймээс гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэх орчин бүрдүүлэх нь чухал юм. Эцэг эх нь хүүхдээ шүүхэд очуулах дургүй байдаг. Яагаад гэвэл шүүхийн одоогийн орчин нөхцөл долоон настай хүүхэд очоод тэнд болж байгаа үйл явдлыг ойлгох нь бүү хэл өмгөөлөгч суух сандалгүй шахам байгаа. Шүүхийн жижигхэн тасалгаанд гурван туслах суучихсан ажиллаж байгаа. Бүгд нэг нэг хүнтэй ажиллаж байдаг. Тэнд хүүхэд өөрийнхөө хүсэл зорилгыг илэрхийлэх боломж байдаггүй. Шүүх чинь хэцүү газар байдаг юм байна гэсэн айдас, болгоомжлол үлдэнэ. Тэгэхээр яах аргагүй орчин, нөхцөлийг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай.

By admin