Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хамтран “Арбитрын тухай Монгол улсын хууль ба олон улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулав. Уг хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “ Арбитрын ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын сатандартад нийцүүлэн зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилдэг болох гэж байна. Монгол Улсын Арбитрын тухай хуулийн хэрэгжилтээс манай орны эдийн засгийн амьдралын хөгжлийн хувь заяа тодорхой хэмжээгээр хамаарах учиртайг дор бүрнээ ойлгох учиртай” гэж онцлон тэмдэглэв.

Уг хуралд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Арбитрын тухай хууль: Үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа.

Бизнесийн харилцааны оролцогчид өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлэлцээрээ байгуулахын хамт уг гэрээнээс үүссэн асуудлыг шийдвэрлэх субьект, шийдвэрлэх журам, хэрэглэх хууль тогтоомжийг өөрсдөө тодорхойлох эрх зүйн боломжийг энэ хуулиар бүрэн олголоо. Манай оронд зөвхөн дотоодын төдийгүй бусад орны бизнес эрхлэгчид өөрсдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах баталгаатай орчныг энэхүү хуулиар бүрдүүлсэн юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт, компаний үйл ажиллагааг эрхлэх, бизнесийн аливаа гэрээ хэлцлийг хийх, түүнээс үүсэх сөрөг үр дагаварыг арилгах зэрэг асуудлыг дэлхий нийтийн худалдааны нийтлэг жишгийн дагуу зохион байгуулах боломжтой болсон юм.

By admin