“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 48 дахь дугаарт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт  Бүтэц, зохион байгуулалтын зардлын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Улсын Их Хурал болон Засгийн газрын шийдвэрээр төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдож гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй зардалтай асуудлыг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт уг тогтоолоор даалгажээ. Тухайлбал, цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын өр төлбөрийг барагдуулах, байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь орон тооны хамт цомхотгосны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал, бүтцийн өөрчлөлттэй холбоотой шийдвэрийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны төсөвт тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал үүнд багтаж байгаа юм байна.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд  Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Хавсралт файл татах

By admin