Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Төрийн ордонд өнөөдөр /2016.12.20/ зохион байгуулсан “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал бүтэн өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Эрдэм шинжилгээний хурлын үдээс хойших хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд удирдан явууллаа.

Үдээс хойших хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Үндсэн хууль ба шүүх эрх мэдэл” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэгч Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн асуудлыг онол, практикийн талаас нь баримт, судалгаанд тулгуурлан авч үзсэнээ онцолсон илтгэлдээ  “Монгол Улсад төрийн эрх мэдлийг хуваарилсан уу, Монгол Улсад шүүх эрх мэдлийн хараат бус байдлын стандарт хангагдсан уу, шүүх эрх мэдлийн зохицуулалтын шинэ чиг хандлага” гэсэн агуулгыг хөндөв.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам “Нутгийн удирдлагын Үндсэн хуулийн зохицуулалт: асуудал ба шийдэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Үндсэн хууль дахь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт, түүнийг өөрчлөх, хотын эрх зүйн статусыг тодорхой болгох, нутгийн өөрөө удирдах ёс төлөвшихөд саад тотгор болж буй асуудлууд болон эдгээр асуудлыг шийдвэрлэх арга  замын талаар тэрбээр илтгэлдээ хөндөж, тодорхой санал, зөвлөмж дэвшүүллээ.

Үргэлжлүүлэн МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Ч.Хашчулуун “Монгол Улсын Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлал ба эдийн засагт үзүүлсэн нөлөө” сэдвээр илтгэл тавьсан. Үндсэн хуулийн эдийн засгийн зохицуулалтын чадамж, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөний асуудлыг анх удаагаа авч үзсэн илтгэл боллоо хэмээн энэхүү илтгэлийг хуралд оролцогчид үнэлж байв.

Дараа нь Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар “Үндсэн хуулийн хэрэгжилт ба нэмэлт, өөрчлөлт оруулах онол, практикийн асуудал” сэдэвт илтгэлдээ Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж ирсэн практик, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн орчин болон энэ талаархи онол, арга зүйн асуудлыг хөндсөн.

Ийнхүү “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд  Үндсэн хууль судлал болон төрийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид нийт есөн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Үдээс хойш үргэлжилсэн эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Ламжав зэрэг эрдэмтэн, судлаачид санал бодлоо илэрхийлэв.

Эцэст нь эрдэм шинжилгээний хурлыг хааж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсад ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд УИХ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү хурлыг зохион байгуулах санаачилга гаргасан Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-аас байгуулсан ажлын хэсэг болон хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөринй хамт олон, хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачид, цаг заваа зориулж хуралд идэвхтэй оролцсон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

Урьд өмнө Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудлаар ийм хурал, зөвлөгөөн болж байсан. Тэдгээр хурлуудад Үндсэн хууль ингэж хэрэгжиж байна гэж ярьдаг байсан бол өнөөдрийн хурлыг 25 жил өнгөрсний дараа анхаарч үзэх асуудал гарч байгаа юм байна хэмээн хурал даргалагчийн хувьд ажиглаж суулаа.

Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, оролцогчдоос гаргасан санал зөвлөмжийг эмхэтгэн ном болгож, олон нийтэд хүргэх ажлыг УИХ-ын Тамгын газраас зохион байгуулна” гэлээ.

“Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

By admin