Home » ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ ХАСАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ ХАСАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2.Шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3-д заасны дагуу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлал, гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ.

1.3.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гармагц ялтны мэргэжлийн үнэмлэх, диплом, сертификат, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн лиценц, үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл зэрэг холбогдох баримт бичгийг эх хувиар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авна.

1.4.Хорих, баривчлах ял дээр тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол гүйцэтгэх хуудсыг шийтгэх тогтоолын хамт хорих ангид хүргүүлнэ.

1.5.Тодорхой албан тушаал эрхпэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг албадан ажил хийлгэх, тэнсэх, торгох ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол үндсэн болон нэмэгдэл ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг хамтад нь хэрэгжүүлнэ.

1.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ялтныг тухайн албан тушаалд томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар ялтныг тухайн албан тушаалд томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон төрийн захиргааны болон холбогдох байгууллагад 7 хоногийн дотор ялтны бичиг баримтыг мэдэгдлийн хамт хүргүүлнэ.

1.7.Мэдэгдлийг хүлээн авсан байгууллага нь албан тушаалд томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, шийдвэрийн хувийг холбогдох бичиг баримтын хамт 10 хоногийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад буцаан хүргүүлнэ.

1.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл, дүүргийн шийдвэр гүйцэтгэх албад нь шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг хариуцаж биелэлтэнд хяналт тавих ба тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан ялтны ял эдлэлтийн байдалд ялтны оршин суугаа газрын цагдаагийн байгууллага хяналт тавина.

1.9.Ялтны хувийн хэрэг нээснээс хойш 3 хоногийн дотор ялтныг утсаар, баталгаат шуудангаар болон мэдэгдэх хуудсаар дуудсан байна.

1.10.Ялтанд мэдэгдэх хуудсыг удаа дараа буюу 14 хоногт 2-оос доошгүй удаа хүргүүлсэн байхад ялтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол шийдвэр гүйцэтгэгч ялтныг шүүхээр эрэн сурвалжилж албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах ба захирамжийг албан бичигт хавсаргаж харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлэх бөгөөд ялтныг эрэн сурвалжилж албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцаж зохион байгуулна.

1.11.Ялтанд хяналт тавьж буй цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /Замын цагдаагийн газар, суманд хэсгийн төлөөлөгч/ нь улирал тутамд ялтны ял эдлэлтийн талаар хариуцсан харъяа шийдвэр гүйцэтгэх албанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

1.12.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хүчингүй болгосон ялтны баримт бичгийг нэгжийн шийдвэр гүйцэтгэх алба дээр төвлөрүүлж, бусад төрлийн эрх олгосон бичиг баримтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, эрх олгосон байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж, улирал тутамд тухайн бичиг баримтийг устгаж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн хувийг ялтны хувийн хэрэгт хавсаргаж, энэ тухай ялтанд албан бичгээр мэдэгдэх ба устгасан тухай мэдээнд тусгана.

Хоёр.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын гүйцэтгэлийг зохион байгуулах

2.1.Шүүхээс тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан, түүнчлэн албадан ажил хийлгэх, тэнсэх, торгох ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас, хорих ангиас үндсэн ялаа эдэлж дуусч нэмэгдэл ял эдлүүлэхээр ирүүлсэн ялтны холбогдох материалыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан өдрөөс хойш ажлын нэг өдөрт багтааж бүртгэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган, тогтоосон тойргийн дагуу шийдвэр гүйцэтгэгчид хуваарилах ба шийдвэр гүйцэтгэгч нь уг тогтоолыг хүлээн авмагц ажлын 3 өдөрт ялтан нэг бүр дээр хувийн хэрэг нээнэ.

2.2.Ял эдлэлтийн байдалд шийдвэр гүйцэтгэгч хяналт тавих ба тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавина.

2.3.Хорих, баривчлах ял эдэлж дууссан, хугацааны өмнө тэнсэн суллах шүүхийн шийдвэр гармагц хорих ангийн дарга нь ялтны гэр бүлийн эрхлэх ажил, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар болон ялтны оршин суух хаяг зэргийг хувийн баримт бичгийг ажлын 2 өдөрт багтаан бүрдүүлж, шийтгэх тогтоолын хамт ялтны оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх бөгөөд хорих ангийн дарга ялтныг суллагдмагц харьяа прокурорын газарт бичгээр мэдэгдсэн байна.

2.4.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албад сар бүр тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын шилжилт хөдөлгөөн, бодит биелэлтийн талаар мэдээ, тайлан, судалгааг гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газарт ирүүлэх ба үндсэн ял дээр нэмэгдэл ялыг улсын хэмжээнд хорихоос өөр төрлийн ялын тоо, мэдээ, судалгаа, тайланд тусгахдаа нэмэгдэл ял гэх хүснэгтэд хамруулж, биелүүлбэл зохих гүйцэтгэх хуудасны мэдээнээс хасч тооцно.

Гурав. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын гүйцэтгэх баримт бичигт тавигдах шаардлага

3.1.Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт:

3.1.1.шүүхийн шийтгэх тогтоолын нэг хувь, гүйцэтгэх хуудас;

3.1.2.шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол;

3.1.3.ялтны мэргэжлийн үнэмлэх, диплом, лиценз, үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл, сертификат, холбогдох баримт бичгийн хуулбар;

3.1.4.ялтны хувийн хэрэг нээснээс хойш 3 хоногийн дотор ялтныг утсаар, баталгаат шуудангаар болон мэдэгдэх хуудсаар дуудсан баримт;

3.1.5.хувийн хэрэгтэй танилцсан талаарх прокурорын тэмдэглэл;

3.1.6.ялтны талаарх мэдээлэл /ялтны ургийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр. регистрийн дугаар, боловсрол, мэргэжил, ам бүлийн байдал/ оршин суугаа болон ажлын газрын хаяг, шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний утас, болон өөрийн утас;

3.1.7.ялтныг /2-оос доошгүй/ батлан даалтанд авсан тухай тэмдэглэл /Батлан даагчийн иргэний үнэмлэхийг хуулбарлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлийг баримтлан уг заалтыг батлан даагчид тайлбарласан тэмдэглэл/;

3.1.8.ялтанд шүүхийн шийдвэр, эрхийн хязгаарлалтыг танилцуулж тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялаас зайлсхийсэн, хориглосон тодорхой үйл ажиллагаа явуулсан, тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуульд заасан хүлээх хариуцлага /ЭХ-ийн 258 дугаар зүйл/, ялтны эрх, үүрэг /хориглосноос өөр албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах гэх зэрэг/-ийг тайлбарлаж ялтнаар гарын үсэг зуруулж танилцуулсан тэмдэглэл;

3.1.9.ялтны зүгээс оршин суугаа газраа өөрчилсөн, эсхүл өөр байгууллагад шилжсэн тохиолдолд хариуцсан эрх бүхий албан тушаалтанд заавал мэдэгдэх тухай сануулсан тэмдэглэл;

3.1.10.ялын хугацааг тооцож эхэлсэн ба ялтанд хориглосон үйл ажиллагаа явуулж болохгүйг анхааруулсан мэдэгдлийн хувь;

3.1.11.ялтны эрх олгосон бичиг баримтын хуулбар;

3.1.12.ялтны эрхийг хүчингүй болгож хариу ирүүлсэн шийдвэрийн хувь,

3.1.13.ялтны оршин суугаа газрын цагдаагийн байгууллага /нийслэлд Замын цагдаагийн газар, аймагт Замын цагдаагийн тасаг, суманд хэсгийн төлөөлөгч/-аас улирал бүр ирүүлсэн ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьсан тухай тайлбар, тодорхойлолт, албан бичиг;

3.1.14.энэ журмын 4.1-д заасан заалтыг хэрэгжүүлсэн талаарх тэмдэглэл;

3.1.15.ял эдлэлтийн холбоотой бусад бичиг баримтийг хавсаргах;

Дөрөв. Ялтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих

4.1.Ялтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр орон нутагт түр хугацаагаар /түр хугацааг 3 сар гэж ойлгоно / явсан тохиолдолд эрх бүхий цагдаагийн албан тушаалтан нь ялтны очих газрын хаяг, холбоо барих утас, гэр бүлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч сар бүр ялтантай холбоо барьсан тухай тэмдэглэл үйлдэж, зохих мэдээллийг хариуцсан шийдвэр гүйцэтгэх албанд бичгээр мэдэгдэнэ.

4.2.Ялтан нь энэ журмын 4.1-т зааснаас урт хугацаагаар өөр орон нутагт /шилжих, суралцах, эмчлүүлэх, ажилд томилогдох гэх мэт/ оршин суухаар явсан бол ялтны оршин суух газрын шийдвэр гүйцэтгэх албанд ялтны хувийн хэрэг, холбогдох материалыг шилжүүлнэ.

4.3.Хүндэтгэн үзэх /эмчлүүлэх, суралцах, албан томилолт гэх мэт/ зайлшгүй тохиолдлоос бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч ялтныг, улсын хилээр орох, гарахыг хязгаарлана.

4.4.Ялтан ял эдлэх хугацаанд шинээр өөр ажил, албан тушаалд орох буюу тодорхой үйл ажиллагаа эрхлэх бол шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж зөвшөөрөл авна.

Тав.Албадан ажил хийлгэх ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлэхэд хяналт тавих

5.1.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн ялтныг энэ журамд заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн буюу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосны дараа шийдвэр гүйцэтгэгч албадан ажил хийлгэх ялыг аль байгууллагад эдлүүлэхээ тогтооно.

5.2.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг албадан ажил хийлгэх ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол үндсэн ялыг ялтны ажиллаж байсан байгууллагад нь эдлүүлэхийг хориглоно.

Зургаа. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын хугацааг тооцох

6.1.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол ял эдэлсэн хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс, албадан ажил хийлгэх, тэнсэх, торгох ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол ял эдэлсэн хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн уг ялын хугацааг тооцон хяналт тавина.

6.2.Торгох ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг эдлүүлэх явцад шүүхээс торгох ялыг хорих ялаар сольсон бол ялтныг хорих ялаа эдлэх хугацаанд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдэлсэн хугацаа тоолохыг зогсоон, хорих ялаа эдлэж дууссан үеэс үргэлжлүулэн тооцож хяналт тавина.

6.3.Ялтан шүүхээс хориглосон тодорхой албан тушаал эрхэлсэн буюу үйл ажиллагаа явуулсан бол тэрхүү хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохгүй.

6.4.Гадаадын харъяат иргэний хувьд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол ял эдэлсэн хугацааг үндсэн ялаа эдэлж дуусмагц шийдвэр гүйцэтгэгч нь Монгол улсаас албадан гаргах саналыг гадаадын харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүргүүлж, тус байгууллагаас ирүүлсэн хариуг ялтны хувийн хэрэгт хавсаргаж, ялтны материалыг хааж дуусгавар болгоно.

6.5.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг дараах тохиолдолд эдэлж дууссанд тооцно.

6.5.1.ялтан шүүхийн шийтгэх тогтоолд заасан хугацаагаар ялыг бүрэн эдэлж дууссан;

6.5.2.ялтныг хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр гарсан;

6.5.3.өршөөл, уучлалд хамрагдсан;

6.5.4.ялтан нас барсан;

6.6.Энэ журмын 6.5-д заасан хэсэг болон, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчингүй болсон тухай шүүхийн мэдэгдлийг хүлээн авмагц ялтны оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ялтны хувийн хэргийг хааж, энэ тухай бүртгэлд тусган, ял эдэлж дууссаныг шийдвэр гаргасан шүүх, хяналт тавьж буй прокурорт бичгээр мэдэгдэнэ.

Долоо.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага

7.1.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялаар шийтгэгдсэн этгээд нь уг ялаас зайлхийсэн эсхүл хориглосон тодорхой үйл ажиллагаа явуулсан эсхүл тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах ялаар шийтгүүлсэн байгаа этгээд ял эдлэх хугацаанд жолооны курсд суралцсан эсхүл тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан, түүнчлэн ялтныг тодорхой албан тушаалд томилсон эсхүл сонгосон эсхүл үйл ажиллагаа явуулах эрх олгосон эрх бүхий албан тушаалтан шүүхийн тогтоолыг санаатайгаар биелүүлээгүй, биелүүлэхэд саад учруулсан нь шалгалтаар тогтоогдвол шийдвэр гүйцэтгэгч нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг холбогдох материалын хамт прокурорт бичгээр гаргаж хүргүүлнэ.

Найм. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавихдаа бусад байгууллагатай хамтрах

8.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихдаа харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллана.

Total Page Visits: 414 - Today Page Visits: 1