Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газар өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Уг хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ялын шинэ төрлийг нэмж, уг ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар хуульчилж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломжийг ийнхүү бүрдүүлжээ.

Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртгөөр байгуулах эдийн засгийн тооцоо, судалгаа гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ үндсэн дээр тус төвийг байгуулах төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттай боловсруулж, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн хамт солонгосын талд хүргүүлжээ. Харин “Эксим” банкнаас “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах төслийн төсөвт өртөг болох 9.5 сая ам.долларыг 16.1 сая ам.доллар болгох санал ирүүлсэн бөгөөд манай тал энэ зардлыг багасгаж 10.4 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх зээлийн хүсэлтээ солонгосын талд дахин хүргүүлээд байгаа аж.

“Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байгаа учраас хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагын үүднээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, О.Батнасан, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, А.Сүхбат, Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

By admin