Манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээ нь Засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх болсон Хонконг, Макао зэрэг Засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулан ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Монгол Улс  БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс  Хонконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хонконгд байгуулсан бөгөөд хэлэлцээрт Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга Жон Ли нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд шаардлагатай аливаа асуудлаар шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх болно.

By admin