Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар прокурорын байгууллагын туслах аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа байгууллагуудын зарим ажилтан, албан хаагчдыг шагнав. Шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын хүндэтгэлийн танхимд болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь 461 дүгээр ангийн дарга, хурандаа Адьяабазарын Намсаманд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 433 дугаар ангийн дарга, хурандаа Бундарийн Батбаяр нарыг “ПРОКУРОРЫН ХҮНДЭТ” тэмдгээр, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хорих 413 дугаар ангийн дарга, дэд хурандаа Авирмэдийн Батхуяг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 433 дугаар ангийн ажилтан, дэслэгч Уртнасангийн Ганхуяг нарыг “ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар тус тус шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар гардуулж, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд, Тамгын газрын дэд дарга Ш.Сүхбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар нар байлцлаа. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар шагнал авсан албан хаагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ: “ПРОКУРОРЫН ХҮНДЭТ” тэмдэг болон манай байгууллагын шагналаар прокурорын байгууллагын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг. Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах ажилд та бүхний оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна. Ажилд тань амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ. 

By admin