ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

Европын Холбоо, Монгол Улсын Засгийн газар хамтран “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт бага хурлыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссийн удирдах албаны хүмүүс, олон улсын болон үндэсний хүний эрхийн шинжээчдийн төлөөлөл оролцлоо. Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар үг хэлэв.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад хуулийн шинэчлэл, өөрчлөлтүүд нь хүний эрхийг хангах суурь зарчмыг бэхжүүлж өгсөн хэдий ч хэрэгжилтийн явцад бэрхшээл, сорилтууд тулгарсаар байгаа юм. Европын Холбооны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри “Энэ бага хурал эрүүгийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох алхмыг холбогдох хуульд өөрчлөлт хийх замаар хэрэгжүүлэхээс гадна бодлогын түвшинд, өргөн хүрээнд хангах боломжийг нээж байна”  хэмээн онцлов.

Бага хурлаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, ялангуяа хэргийн зүйлчлэл, ялын бодлогод орсон өөрчлөлт, хэргийг мөрдөн шалгах үйл явцад хүний эрхийг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан бусад хүчирхийллийн хэрэг болон насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг шалгах асуудлаар илтгэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү хурлаас гарах тайлан, зөвлөмж нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд олон улсын хүний эрхийн стандартын дагуу хүний эрхийг хамгаалж, хангахад чухал нөлөө үзүүлэх төдийгүй Европын Холбоо, Монгол Улсын хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаны хүмүүс үзэж байна.

Бага хурлыг 2017 оны 10 дугаар сараас Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа “Монгол Улсад хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулав. Энэхүү төслөөр хоёр үндсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж ажиллах юм. Эхний үйл ажиллагааний хүрээнд хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар нийт гурван удаа бага хурал зохион байгуулж, Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээг орчуулж, олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх, хоёр дахь үндсэн үйл ажиллагааны хүрээнд Эрүүгийн багц хуулийг олон улсын хүний эрхийн стандарттай нийцүүлж хэрэгжүүлэх прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус байгууллагын мэргэжилтнүүдийг Европын Холбооны гишүүн улсад туршлага судлах сургалтад хамруулах, Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хүний эрхийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

By admin