Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тус яамны харьяа Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид болон сонсогчид онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн Засгийн газар, Улсын онцгой комисс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд гамшгийн үед урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аюулгүй байдлыг хангах, харьяа анги, байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг байгуулж, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг тухай бүр шуурхай авч ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Дэд сайд С.Баатаржав Монгол Улсад короновируси халдварт (COVID-19) цар тахлын тохиолдол, хавьтлын тоо нэмэгдэж байна. Хорих анги, байгууллагад халдвар тархах нь байгууллага, алба хаагчийн шууд хариуцлагаас ихээхэн хамаарна. Иймээс Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг чанд биелүүлж ажиллах хэрэгтэй. Хөл хорионы энэ үед алба хаагчдын бие, сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан байх шаардлагатай. Аль ч тохиолдолд халдварын эрсдэлд орохгүй, халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэртэй, зөв зохион байгуулж, нөөц хүч хэрэгслийг бүрдүүлсэн байх хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулаад төрөөс авах хангалт үйлчилгээг тасалдуулахгүй зохион байгуулж, алба хаагч болон хоригдол, хоригдогсдийн дархлааг дэмжих амин дэмтэй нэмэгдэл хоол, хүнс олгохыг даалгасан юм.

By admin