Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүлсэн байгууллагуудад өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар шагнал гардууллаа.

Төр, засгийн дээд байгууллага, яамд /27 байгууллага/аас Улсын Их Хурлын Тамгын газар 96.37, агентлагууд /26 байгууллага/аас Цагдаагийн ерөнхий газар 98, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд/45 байгууллага/аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 96.62, аймгууд /21 аймаг, байгууллага/аас Баянхонгор аймаг 98.5, Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд /32 байгууллага/аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 97.25 хувьтай дүгнэгдэж, тус тус тэргүүн байр эзэллээ.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлаараа тэргүүлсэн байгууллага, удирдлага, хамт олонд баяр хүргээд олсон амжилтаа улам бататгаж, харьяа байгууллага, нэгжийнхээ архив, албан хэрэг хөтлөлт үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, түүх, бичиг соёлын хосгүй өв болсон архивын баримтынхаа хадгалалт хамгаалалтыг сайжруулах, архив, бичиг хэргийн ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, сургаж мэргэшүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт гүнээ найдаж байна. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье гэв.

Төв комиссын улсын үзлэгт хамрагдсан 172 байгууллагыг 5 ангилан дүнг нэгтгэж, тус бүрт нь ийнхүү тэргүүн байрыг шалгаруулсан юм.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэгт хөтлөлтийн улсын үзлэгийг “Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 03-аас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд орон даяар зохион явуулсан билээ.

Дээрх үзлэгт нийт 5444 байгууллага хамрагдсанаас төв комисс 172 байгууллагад, салбар комиссууд 4372 байгууллагад үзлэг хийсэн бөгөөд Төв комиссын улсын үзлэгт хамрагдсан 172 байгууллагын дундаж дүн 91.5 хувь буюу маш сайн үзүүлэлттэй гарсан байна.

By admin