С.БЯМБАЦОГТ: ХЭЛЭХ ҮГ ХИЙСЭН АЖИЛТАЙ НЭГ ЖИЛ БАЙЛАА

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өнөөдөр яамны хамт олонтойгоо уулзаж, өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэлээ. Хэдийгээр нэг жил богино мэт боловч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа том зургаар нь нэгтгэж харахад “Хэлэх үг, хийсэн ажилтай” нэг жил өнгөрчээ гэж ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт хэллээ. 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бие даасан 10 хууль, 4 нэмэлт өөрчлөлт, 1 УИХ-ын тогтоолыг УИХ-аар батлуулжээ. Одоогоор 20 гаруй хуулийг боловсруулж байгаа бөгөөд 3 хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа аж. Тэр дундаа халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байдаг салбарын албан хаагчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөл байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, үүний үр дүнд тодорхой ахиц дэвшил авчирсныг ч дурьдаж байв. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын Хилийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг салбарын хуулиудыг батлуулж, алба хаагчдынхаа өмнө тулгамдаж байсан тодорхой асуудлыг шийдвэрлэсэн байна. Цаашдаа яамны  хамт олноо энэ эрчээ алдахгүй улам сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа С.Бямбацогт илэрхийлж, нийт албан хаагчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүслээ.

By admin