Архангельск хотын Ломоносовын дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хэрэг бүртгэгч нар “Архангельск автобус-3” ХХК-ийн захиралд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 315 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тус компаний захирал хөрөнгө, мөнгө захиран зарцуулах бүрэн эрхтэй, иргэд, хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүргээ ухамсарлан ойлгосон мөртлөө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхээр хүлээлгэсэн үүргийг биелүүлэх, төлбөр төлөх талаар хэд хэдэн удаа шаардлага хүргүүлж, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 315 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын талаар сануулж байсан боловч төлбөр барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авсангүй.

Тус компанийн захирал нь “Татнефть-АЗС-Запад”  ХХК-д 1,6 сая рубль,  мөн улсад 29,000 рублийн шүүхийн зардал төлөхөөс удаан хугацаагаар зайлсхийсэн байна.

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх бүрэн боломж байсан хэдий ч мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр өөр зүйлд зарцуулахыг илүүд үзжээ.

Тэрээр дээр дурдсан байгууллагын мөнгийг санаатайгаар төлөөгүй бөгөөд байгууллагын алба хаагчдын ажлын хөлс гэж өндөр дүнтэй мөнгийг банкаар дамжуулан төлбөрийн даалгавар бичин гүйлгээ хийсэн бөгөөд үлдэгдэл 7,5 сая рублийг өөрийн компани руу шилжүүлж шүүхийн шийдвэр биелүүлэлгүйгээр өөр зүйлд захиран зарцуулсан байна.

Үүнээс гадна Компаний кассанд  үндсэн үйл ажиллагааны орлого 3 сая рублээс илүү их мөнгө хуримтлагджээ.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нараас ирүүлсэн төлбөр авагчийн дансанд мөнгө шилжүүлэх удаа дараагийн хууль ёсны шаардлага, мэдэгдлийг захирал үл тоон хэрэгсээгүй байна.

Дээр дурдагсан факт, баримтуудыг үндэслэн захиралд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 315 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

ОХУ-ын Эрүүгийн хуулийн 315 дугаар зүйлд “Төрийн болон бусад байгууллагын удирдлага, алба хаагч нар нь шүүхийн шийдвэр болон шүүгчийн бусад захирамжийг санаатайгаар биелүүлээгүй бол 200,000 хүртэл рублээр, эсвэл  18 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн хөлс, бусад орлогын хэмжээгээр  торгох,  албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасах, 180-240 цаг албадан хөдөлмөрлүүлэх, 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулна” гэж заасан байна.

By admin