ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх цорын ганц бүрэн эрхт байгууллага бөгөөд иргэдийн зүгээс төр засагт хандах хүндэтгэлийн илэрхийлэл, шүүх засаглалын бахархал нь шүүхийн шийдвэрийн биелэлт юм.

Орос улсад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэн эртнээс үүсэлтэй гэж үздэг.

Эртний Оросод алба гувчуур нь татварын нэг хэлбэр байсан бөгөөд алба гувчуур цуглуулагчдыг Ван өөрөө томилж, тэдгээр нь бие хамгаалагч цэргүүдийн хамт явж татвар  цуглуулж, түүнд олгосон эрх мэдлийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг байлаа.

Вангийн хүслийг биелүүлэхийн тулд татвар цуглуулагчид татвар төлөхөөс татгалзсан, төлөх боломжгүй ардуудад хүчирхийллийн арга хэрэглэснээс зарим тохиолдолд  вангийн цэргүүд хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарч ихээхэн хохирол амсдаг байжээ.

Игорь ванг нас барсны дагаа вангийн авхай Ольга татварын шинэчлэл хийсэн.

Мэргэн Ярослав вангийн засаглалын үед /1019-1054/ татвар цуглуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ”Оросын үнэн” хуулийн заалтуудаар зохицуулдаг байв.

11 дүгээр зууны үед “Оросын Үнэн” хуульд хариуцагчаас төлбөр гаргуулах журмыг тогтоож өгсөн байна.

13-15 дугаар зууны үед Псков, Новгородын гэрээ болон шүүхийн баримтуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүх, цагдаад хариуцагчийг дуудан ирүүлэх, нэхэмжлэгч талын нотлох баримтуудыг цуглуулах, хариуцагчийг эрэн сурвалжлах болон шүүхэд албадан авчрах, шүүхэд хэргийг хэлэлцэх үед журам сахиулах зэрэг үүрэг гүйцэтгэж байсныг дурджээ.

1864 оны “Шүүхийн шинэчлэл” нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарыг шүүхийн салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болгосон юм.

1864 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр II Александр хаан шүүх байгууллагын тогтолцоо, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дүрэм, иргэний байцаан шийтгэх ажиллагааны дүрэм, шүүхээс ял шийтгэл оноох дүрмийг баталжээ. Эдгээр дүрмүүд нь Оросын эзэнт гүрний шүүн таслах ажиллагааны шинэ зарчмуудыг тодорхойлсноос гадна шүүхийн дэргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ажиллах ёстой болохыг зааж өгчээ.

Тухайн үед Петербург, Москва мужуудад 203 хүн анхны шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байна.

1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн систем уналтын байдалд оржээ.

1917 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Ардын дээд зөвлөлийн 1 дүгээр тогтоолоор хаант засгийн шүүх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх системийг татан буулгажээ.

Шүүх танхимд дэг журам сахиулах, шүүхэд дуудан авчрах үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс салган тусад нь явуулахаар зохион байгуулжээ.

1997 оны 7 дугаар сарын 21-ны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” 118 дугаар хууль, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын тухай” 119 дугаар хууль батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн системийг үндсээр нь шинэчилсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар иргэд, байгууллагын хууль ёсны эрх ашгийг хангахад чиглэгдсэн байна.

2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 229 дүгээр  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын тухай” хууль шинэчлэгдсэн батлагдсанаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1019 дүгээр зарлигаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өдөр” болгон ёслон тэмдэглэхээр заасан байна.

 

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАР

By admin