Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ болон БНСУ-ын Хууль зүйн яамны Хууль зүйн институтээс 2017 оны 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр 8-ны өдрүүдэд зохион байгуулсан “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын чадавхийг сайжруулах” сургалтад тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяагаар ахлуулсан яам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт 15 албан хаагч амжилттай хамрагдаж сертификат авлаа. Энэхүү сургалтаар БНСУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. Сургалтыг БНСУ-ын Йонгин хот дахь Хууль зүйн институт дээр зохион байгуулсан бөгөөд энэхүү институтын доктор профессорууд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллийн систем”, “Ял эдлэгсдийг нийгэмшүүлэх асуудал”, “Хоригдлуудад зориулсан мэргэжил олгох сургалт”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалтын систем”, “Ялтан шилжүүлэх тогтолцоо”, “Гадаад хамтын ажиллагаа”, “Хоригдол ба хүний эрх”, “Хувийн хэвшлийн хорих анги” зэрэг сэдвээр лекц уншлаа. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Чонан хот дахь “Нээлттэй шорон”, Сөүл хотын өмнөд дүүргийн хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Сургалтын үр дүнд суралцагчид “Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” болгож “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шуурхай удирдлага, цахим хяналтыг боловсронгуй болгох” төсөл боловсруулж зохион байгуулагчдад танилцуулсан бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэхийг зорин ажиллахаар боллоо. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шуурхай удирдлага, цахим хяналтыг боловсронгуй болгох” төслийг нарийвчлан боловсруулж Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-д хүргүүлэн Төсөл хэрэгжүүлэх шалгаруулалтанд тэнцвэл KOICA-ийн дэмжлэгээр хэрэгжүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: http://mojha.gov.mn/

By admin