Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 28-30-ны өдрүүдэд болсон “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл”  сэдэвт Интерполын олон улсын форумд “ганзага дүүрэн” оролцлоо. Форумын эхний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Зайед Аль Нахайяантай уулзаж, цагдаагийн алба хаагчдыг сургах чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан юм.Мөн форумын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток болон  Интерполын сангийн Ерөнхийлөгч Элиас Мурр нартай уулзав. Интерполын сангийн  Ерөнхийлөгчтэй хийсэн  уулзалтаар   форумын хүрээнд танилцуулсан 7 төрлийн гэмт хэрэг болон мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр  бүс нутагтаа жишиг болохуйц төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Харин Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн уулзалтаар гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэх  ажлыг  үргэлжлүүлж,  цагдаагийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх хамтарсан сургалт зохион байгуулахаар болжээ. Мөн Үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэхэд чухал ач холбогдол бүхий Интерполын Файнд системд Монгол Улсын хилийн  боомтыг холбох асуудлыг ярилцсан байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэхүү форумын  “Цахим гэмт хэрэг бодит байдалд шинэ хэм хэмжээ тогтоох уу эсвэл арга барилаа түүнд нийцүүлэх үү” сэдэвт долдугаар салбар хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд энэ чиглэлд эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах, цахим аюулгүй  байдлын тухай  хуулийг холбогдох байгууллагууд батлуулахаар ажиллаж байна. Ингэснээр гэмт этгээдүүд хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжийг хаах зорилттой билээ. Хууль тогтоомжийг байнга шинэчилж, цахим гэмт хэргийн төрөл, зүйл бүрийг тусгайлан тодорхойлж, зааж байх нь чухал ач холбогдолтой юм” гэсэн юм. Дэлхийн 50 гаруй орны Дотоод хэргийн сайд нар оролцсон энэ удаагийн форум урьд урьдынхаас илүү үр дүнтэй боллоо гэж зохион байгуулагчид нь дүгнэж байна.

By admin