ХЗДХЯ, ШШГЕГ, ХСИС, ХЗҮХ-гээс хамтран “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль зүйн салбарынхан болон хуульчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм. Төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “…Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх…, хөндөгдсөн эрхийг иргэнийхээ өмнө хариуцах…” гэсэн зарчмыг баримталсан байна.  Захиргааны хэргийн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмыг илүү тодорхой болгохыг зорьж байгаа юм. Түүнчлэн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хорих ял эдэлж буй хоригдлын цалин хөлс, хөдөлмөрт хамрагдсан байдал, хийсэн хөдөлмөртэй нь нийцэж байх, тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байх зохицуулалтыг оруулжээ. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг сонслоо.

П.Сайнзориг : Шүүхийн шийдвэр хангалтгүй биелж байна

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Хуулийн  ихэнх  зорилго зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэж байна. Энгийнээр хэлбэл хохирол, нөхөн төлбөрийг барагдуулдаг байхад хуулийн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Захиргааны болон Иргэний хэрэгт шүүх хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор шүүхээс гарсан шийдвэрийн биелэлтийг хэрхэн яаж зохион байгуулах, гүйцэтгэх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэрэгжүүлэх юм. Энэ чиглэлд бусад орны сайн туршлагыг судлахын зэрэгцээ, өнөөдрийн гарч буй алдаа дутагдлыг дүгнэсний үндсэнд хуулийн төслийн боловсруулан хэлэлцүүлж байна. 2002 онд баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаст бичигдсэн нийт хэргийн 70 орчим хувь нь иргэний хэргийн чиглэлд байдаг. Үүний 50 хувийг гүйцэтгэсэн байх жишээтэй. Энэ нь шүүхийн шийдвэр хангалтгүй биелж  байна гэсэн үг юм. Энэ нь хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Тиймээс юуны түрүүнд хууль эрх зүйн талаас нь засч залруулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ойлгомжтой, тодорхой, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй болгохоор зорьж байна. Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илүү үр нөлөөтэй болговол зайлшгүй чиг үүрэг бүтцийг бий болгох ёстой. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эрэн сурвалжлах чиглэлийн бүтцийг бий болгоно. Тухайн төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй эсэхийг илрүүлдэг, нягталдаг чиг үүргийг бий болгосноор нэлээд дэвшил бий болно үзэн тодорхой зохицуулалтыг тусгаж байна. 2002 оны хууль 140 гаруй зүйл заалттай байсан бол шинэчилсэн найруулгын төсөл 302 зүйлтэй байхаар урьдчилсан байдлаар боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Г.Туулхүү: Нээлттэй дэглэмд ял эдэлж байгаа тохиолдолд харуул хамгаалалтгүйгээр ажил хийх боломжтой

ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Г.Туулхүү:

 -Хуучин Захиргааны хэргийн тухай хуульд захиргааны шүүх шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэхийг өөрийн­хөө шийдвэрт заахаар тусгасан байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төдийлэн зааж, тусгаж өгөөгүй ирсэн. Тэгвэл энэ хуулиар иргэний хэрэг, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн яаж биелүүлэх арга замыг зааж өгөхөөр тусгасан. Хэрэв зааж өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг тухайн байгууллагад нь буцаах үндэслэлийг оруулж өгсөн. Ер нь бол хорих байгууллагыг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлж байгаа. Нээлттэй тогтолцоонд шилжснээр хоёр дэглэмтэй байна. Тодруулбал, санамсар болгоомжгүй байдлаасаа болж хэрэг үйлдэж анх удаа хорих байгууллагад ял эдэлж байгаа тохиолдолд харуул хамгаалалтгүйгээр гадуур ажил хийх боломжтой. Харин хаалттай тогтолцоонд ял эдэлж байгаа тохиолдолд зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд, хашаанд хөдөлмөрлөх зохицуулалттай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэгжилт, биелэлт хангалтгүй байгаад аль аль шатандаа анхаарах хэрэгтэй. Хүн нэхэмжлэл гаргахдаа төлбөр авах гэж байгаа хүнийхээ хөрөнгийг хамгаалуулах захирамжийг хурдан гаргуулах хүсэлт шүүхэд тавих ёстой. Ийм хүсэлт тавьж чадаагүйгээс болж шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хугацаанд төлбөр төлөгч өөрийн нэр дээр хөрөнгийг бусдад шилжүүлэх зэрэг үйл ажиллагаа нэлээд нөлөөлж байна. Тиймээс төлбөрийн чадваргүйгээс шалтгаалж шүүхийн шийдвэр гүйцэтгэл 50 хувьтай явж байна.

Н.Гантулга: Хорих ял эдлүүлэх байгууллагын чиг үүргийг сургалт хүмүүжлийн

тусгай байгууллага гэж заасан

ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал хурандаа Н.Гантулга:

 -Хорих ял эдлүүлэх ажиллагаанд зарчмын томоохон өөрчлөлт оруулсан. Ингэхдээ олон улсын нийтлэг жишиг, гэрээгээр хүлээсэн үүрэг, мөн хууль тогтоомжийн бусад шаардлагатай холбоотойгоор өөрчлөлт хийсэн. Тухайлбал, хуулийн дэд акт болох тушаал зааврын төвшинд журамласан харилцааг шаардлагатай тохиолдолд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хасах, өөрчлөлт оруулах тохиолдолд хуулийн төвшинд шийдвэрлэх зохицуулалт оруулсан. Хорих байгууллагын төрөл тогтолцоонд өөрчлөлт оруулахаар шинэчилсэн найруулгад тусгасан. Өнөөгийн хорих байгууллагын төрөл нь насанд хүрэгчдийн болон насанд хүрээгүйчүүдийн хорих анги, гяндан гэж байдаг бол шинэ хуулиар нээлттэй ба хаалттай хорих анги гэж хувааж байгаа. Мөн хорих ял эдлүүлэх байгууллагын чиг үүргийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэж заасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь насанд хүрээгүйчүүдийн хорих анги гэж нэрлэж байсан бол хорих ял ногдуулсан хүмүүсийн ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлнэ гэсэн үг. Тухайн байгууллагын гол чиглэл, үйл ажиллагааны хамгийн гол зорилго бол сургалт хүмүүжлийн ажлаар тухайн хүнийг нийгэмд бие даан амьдрах чадварыг төлөвшүүлэх, бие хүний хөгжлийг хангах юм. Нээлттэй ба хаалттай хорих анги гэдэг нэр томьёо, хэллэг, агуулга бол олон улсын нийтлэг жишиг гэж ойлгож болно. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хорих байгууллагын тогтолцоог нээлттэй ба хаалттай хорих ангийн тогтолцоонд бүрэн шилжүүлэхээр тусгасан. Нээлттэй ба хаалттай хорих ангийн гол мөн чанар нь ял эдлэх нөхцөл, хоригдолд тавих хяналт харуул хамгаалалттай холбоотой юм. Хэдийгээр нийгмээс тусгаарлаж байгаа боловч зарим эрх нь чөлөөтэй. Тухайн хүн эргээд нийгэмдээ очих, холбоотой байх явдлыг өргөжүүлснээр ач холбогдолтой. Тухайлбал, хорих ял эдэлж байгаа этгээдийн эргэлт, уулзалтын тухай асуудал. Хэрэв тухайн хүний зан үйлд эерэг өөчрлөлт орж байгаа тохиолдолд түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, хорихоос өөр төрлөөр ял эдлүүлэх тухай асуудлыг Эрүүгийн хуулийн бодлоготой холбогдуулан түүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг нарийвчлан тусгасан. Бие дааж амьдрах чадварт сургана гэдэг нь ерөнхий боловсролын мэргэжлийн сургалт, бололцоотой тохиолдолд дээд боловсрол эзэмшүүлэх боломжийг өргөжүүлэх. Мөн хөдөлмөрөөр дадал чадвар олгох асуудал хорих ял эдлэгчдийн хувьд нэлээд өндөр төвшинд тавигдаж байна. Нийгэмшүүлэх үйл ажиллагаанд одоогийн мөрдөж байгаа хуулиар ихэвчлэн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, түүнийг ухамсарлуулах асуудлаар ярьж байсан бол сургалт, сэтгэл зүй, эмнэлэг, ардын уламжлал зэрэг нөлөөллийн арга хэрэгслээр тухайн хүнийг төлөвшүүлэх юм. Өмнө нь хууль тайлбарлах гол байсан одоо төлөвшүүлэх асуудал чухал болж байна. Судалгаагаар хорих ял эдлэгчдийн 40-50 хувь нь суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлдэг гэсэн статистик мэдээ бий. Энэ нь тухайн хүн хорихоос суллагдсаны дараа иргэний нийгэмдээ дасан зохицох чадваргүй байгаатай холбоотой.

Б.Алтангэрэл: Хорихоос өөр төрлийн ялыг түлхүү тусгаснаар

шоронжих явдлыг багасгана

ХСИС-ийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч хурандаа Б.Алтангэрэл:

 -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, захиргаа, зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр төрөлжүүлж, төрөл тус бүрээр нь үндэслэл нөхцөл журмыг нь хуульчлахаар тусгасан байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд шийдвэр гүйцэтгэлийн биелэлтийг сайжруулах, төлбөр авагч, төлөгчийн эрх зүйн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд олон заалт шинээр оруулсан. Хамгийн гол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түргэсгэх чиглэлээр нарийвчилж хуульчлахаар тусгасан байгаа. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад шийдвэр гүйцэтгэгчийн харьяалал, хугацаа, албадлагын арга хэрэгслийн хуульчилж өгсөн. Тэр тусмаа захиргааны шийдвэрийг гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага, торгуулийн арга хэмжээг шинээр тогтоосон. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажилд төрийн бусад байгууллагын мэдээллийн цахим сүлжээг ашиглах талаар тусгасан. Түүнчлэн эрэн сурвалжлах алба нэгжтэй болохоор хуулийн төсөлд оруулсан. Ингэснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны биелэлт сайжирна гэж үзэж байна. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хүний эд хөрөнгөтэй холбоотой эрх нэлээд зөрчигдсөн байдаг. Тиймээс богино хугацаанд төлбөр авагчийн хохирлыг барагдуулах чиглэлд зарим заалт оруулсан байгаа. Мөн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлд хорихоос өөр төрлийн ялыг түлхүү тусгасан. Ингэснээр шоронжих явдлыг багасгаж байгаа юм.

By admin