ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа билээ. Энэ сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт, Манхан сумын иргэдтэй уулзав. Түүнчлэн тус аймгийн хууль, хүчний байгууллагынхантай Хөгжимт драмын театрт нэгдсэн уулзалт хийж, салбарынхаа албан хаагчдын санаа  бодлыг сонслоо. Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиудын талаар мэдээлэл өгч, ажил үйлсээрээ манлайлсан нэр бүхий хүмүүсийг салбарын шагнал гардуулсан юм. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр Б.Дагвадорж, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын Тэргүүний ажилтнаар Д.Цэцэгмаа, “Цагдаагийн алдар”-аар А.Тойлбай, Улсын бүртгэлийн тэргүүний ажилтнаар П.Алтанцэцэг нар шагнагдав.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт уулзалтын үеэр хэлсэн үгэндээ  “Хуулийн байгууллагын үйл ажиллагаа ил  тод, нээлттэй, иргэндээ чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш шударгаар үйлчилдэг байхад бидний үйл ажиллагаа чиглэгдэх учиртай.  Намрын чуулганаар ХЗДХЯ олон  хуулийн төслийг хэлэлцүүлж, батлууллаа” гэв. Тэрбээр дараахь хуулийн төслүүдийг илтгэлдээ онцолсон юм. Тодруулбал,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль:  Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар гэмт хэргийг таслан зогсооход хууль хяналт, төрийн захиргааны, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ажлыг нь уялдуулна. Өмнө нь энэ төрлийн хэргийг зөрчилд тооцдог байсан бол одоо гэмт хэрэгт тооцдог болж байгаа. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд хууль, хүчний байгууллагууд анхаарах хэрэгтэй.

 -Хилийн тухай хууль: 1993 онд батлагдсан энэ хуулийг 24 жилийн дараа шинэчилж батлав. Ингэснээр Монгол Улсын хил халдашгүй дархан  байх, хилийн дархан байдлыг хангах зорилгоор олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах, хилийн төлөөлөгчийн газар ажиллах,  хилчин, цэргүүдийн ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, хил хамгаалах байгууллагын бүтэц зохион байгуулалтыг тусгасан. Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэр дэх ард иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, хилийн бүсэд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах нөхцлүүдийг тодорхой тусгасан. Энэ хууль батлагдсантай холбогдуулж, Гадаадын иргэн харьяатын  шалган нэвтрүүлэх боомтыг хил хамгаалах байгууллагад буцаан өгсөн.

-Цагдаагийн албаны тухай хууль:  Хуулийн дагуу иргэдэд болон  орон гэрт үзлэг нэгжлэг хийх, албадан саатуулдаг болсон. Үүгээрээ цагдаагийн байгууллагын албан хаагч эргээд хууль зөрчсөн гэх асуудалд унахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг та бүхэндээ гаргаж өгч байгаа гэсэн үг. Цагдаагийн албан хаагчийн нийгмийн асуудлыг орхигдуулдаг байсан тал бий. Тангараг өргөсөн албан хаагч учраас тушаал биелүүлэх ёстой. Ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлэх ёсгүй гэдэг хандлага нийгэмд байсан. Тэгвэл өнөөдөр төр цагдаагийн албан хаагчаас ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг шаардана. Үүнтэй дүйцэхүйцээр ар гэртээ санаа зовохгүйгээр ажлаа хийх нийгмийн баталгаагаар хангахаар Цагдаагийн албаны тухай хуульд заасан. Удирдах албан тушаалтны хууль бус үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх эрхтэй гэдгээс эхлээд тодорхой онцлогтой зохицуулалтууд байгаа.

Ирэх хаврын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ гэдгээ ХЗДХ-ийн сайд хэллээ. Эдгээр хуулиудтай салбарын албан хаагчдыг танилцаж, тодорхой зохицуулалтууд дээр хэр оновчтой болсон, алдаа мадаг байгаа эсэхийг нягталж саналаа  ирүүлэхийг үүрэг болголоо.

By admin