Өнөөдөр  Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам Азийн сантай ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарт хамтран ажиллахаар тохиролцож харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Санамж бичигт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг нар гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд Авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор хууль сахиулах байгууллагуудын ил тод байдлын судалгаа явуулах чиглэлээр хамтран ажиллах юм.Мөн Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг дэмжих юм байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод тулгуурласан мөрдөн шалгах, яллах ажиллагааг сайжруулах зорилгоор хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр тогтлоо.Санамж бичигт туссан ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх хүрээнд Канадын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Төрийн Албан дахь Ардчилсан оролцоо болон Ил Тод байдлыг сайжруулах (STEPS) төслөөс зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

By admin