“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 04 дэх дугаарт Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Засгийн газрын дээрх тогтоолоор “Улсын аварга малчин шалгаруулах журам”, “Улсын аварга фермер шалгаруулах журам”, “Улсын аварга саальчин шалгаруулах журам”, “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам”-уудыг баталсан аж. Эдгээр журмуудыг “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ малчдыг малын чанар, ашиг шимийн үзүүлэлт, тэдний нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, бэлчээр ашиглалт, хөрсний үржил шимийг хамгаалсан зэрэг шалгуурыг харгалзан шалгаруулж шагнан урамшуулж байхыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт мөн үүрэг болгожээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй  байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

By admin