Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс  эхлэн дагаж мөрдөнө.

Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.

Хууль батлагдсанаар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмчийг барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн гол зарчмын шинжтэй зохицуулалтыг дурдвал:

1.Барьцаагаар хангагдах үүрэг, барьцааны зүйлийн талаарх зохицуулалтыг Иргэний хуулиар тогтоосон зарчмын хүрээнд илүү нарийвчлан зохицуулсан.

2.”Барьцааны баталгаажилт” гэх ухагдахууныг бий болгож, энэ нь барьцааны эрхийн дарааллыг тогтоох тулгуур ойлголт болсон.

3.Интернет үйлчилгээнд суурилсан барьцааны мэдэгдлийн бүртгэлийн тогтолцоог бий болгосон.

4.Барьцааны шаардлагыг хангах үндэслэлийг тодорхойлж хөдлөх хөрөнгийн түргэн үнэ цэнээ алдах шинжээс шалтгаалан аль болох богино хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх боломж бүхий зохицуулалтыг тусгасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх эд юмсын эрхүүд дотроос хамгийн түгээмэл хэрэглэгддэг, эрхийн бүртгэлд суурилан хүчин төгөлдөр эсэх нь тодорхойлогддог өмчийн эрх юм. Хөдлөх хөрөнгийн барьцааны эрх ч мөн нэгэн адил үндсэн шаардлагаас хамааралтай орших эд юмсын салшгүй эрх боловч түүний хүчин төгөлдөр байх эсэхийг эрхийн бүртгэлтэй холбоогүй нь хуулийн гол онцлог юм. Өөрөөр хэлбэл хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэл нь барьцааны эрх үүссэн эсэхийг тодорхойлох эрхийн бүртгэл биш бөгөөд гагцхүү барьцааны эрхийг нийтэд ил болгох зорилготой бүртгэл юм. Энэ агуулгаар нь хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн тогтолцоо цаасан бүртгэлд бус интернетэд суурилахаар тооцоологдсон.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпорацийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн  хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим систем байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт  “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл өгөх, солилцох, барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгэж дугаар олгох, нийтэд нээлттэй байх болон статистикийн зориулалттай мэдээллийн төрлийг тогтоох журмыг  улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам журмын төслийг боловсруулсан бөгөөд олон нийтээс санал авч байна.

Энэхүү журмын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайт /www.mojha.gov.mn/-д оруулсан бөгөөд журмын төсөлтэй холбоотой саналаа тус яаманд хандан бичгээр эсхүл uyangal@mojha.gov.mn  и-мэйл хаягаар энэ оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлж болно.

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

By admin