Улсын Ерөнхий прокурорын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2016 оны 12-р сарын 20-ны өдөр Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, учирсан хохирол, гэм хорыг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар хамтран ажиллах санамж бичгийг  байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлстийн дарга Е.Сагсай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр, зөвлөх Т.Тэлмэн, Хуулийн хэлтсийн дарга Б.Амаржаргал нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газар:

Насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон эрүүгийн хэргийг аль болох богино хугацаанд хянаж шийдвэрлэх, Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчид зайлшгүй тохиолдолд хууль тогтоомжийн хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тавьдаг байх, Гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, гэм хорыг арилгахад анхаарах,Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагааг явуулж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшүүлэх, сургах талаар холбогдох арга хэмжээ авах, Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа болон насанд хүрээгүй этгээдээс үйлдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тусгайлан авч үзэж тогтмол судлан, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичих, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, хүүхэд хамгааллын асуудлыг төрийн бодлогоор дамжуулан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах, Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд улсын байцаагчийн хяналт шалгалт явуулах, шийтгэл ногдуулах үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх,Шаардлагатай тохиолдолд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийгмийн даатгалын хууль, тогтоомж зөрчигдсөн хэрэг маргаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцох бол…

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам:

Шүүхийн журмаар гэр бүл цуцлах шийдвэр гаргах ажиллагаанд хүүхдийн эрхэд суурилсан зарчмыг баримтлан хүүхэд эцэг, эхийнхээ анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхийг хангуулахаар шүүх хуралдаанд дүүргийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнийг оролцуулдаг байх, Олон жилээр хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт прокурор оролцуулах хүсэлтийг гаргаж байх, Төрийн байгууллага, албан тушаалтны төр, нийтийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах зэрэг үүргийг тус тус хүлээх юм.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд жил бүрийн 12 дугаар сард уулзаж, ярилцан биелэлт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцохоор тогтлоо.

By admin