АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ГҮЙЦЭТГЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавихад Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2.Албадан ажил хийлгэх ялыг нийслэл, дүүрэгт, орон нутагт аймгийн төвд нийгэмд ашигтай ажил хийлгэх замаар эдлүүлж, хариуцсан шийдвэр гүйцэтгэгч тогтмол хяналт тавина.

1.3.Албадан ажил хийлгэх ялын биелэлтэд тавих хяналтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж тогтоосон тойргийн дагуу шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан өдрөөс эхэлж, ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

Хоёр. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэл

2.1.Албадан ажил хийлгэх ял эдлүүлэх үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлал байна.

2.2.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаас хойш ажлын нэг хоногийн дотор бүртгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж тогтоосон тойргийн дагуу шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

2.3.Албадан ажил хийлгэх ялын тоо бүртгэлийг орон нутагт аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, улсын нэгдсэн бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар хариуцан хөтөлж, хяналт тавина.

Гурав. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг зохион байгуулах

3.1.Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авмагц хоёр хоногийн дотор ялтан нэг бүр дээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан гарын үсэг зуруулна.

3.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 3.1-т заасан ажиллагаа хийсний дараа Засаг даргатай байгуулсан “Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг ажиллуулах гэрээ”, ажлын байрны жагсаалтын дагуу Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д зааснаар ялтныг ажиллуулах тухай тухайн сум дүүргийн Засаг даргатай тохиролцоно.

3.3.Тухайн ялыг эдлүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзаж үзнэ.

3.4.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг албадан ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах ажлын цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажлын хувцсаар хангах, ажиллах нөхцөл зэргийг урьдчилан тохиролцож гэрээ байгуулан, биелэлтэд нь хяналт тавина.

3.5.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг шүүхийн шийтгэх тогтоол, албадан ажил хийлгүүлэх тухай мэдэгдлийн хамт албадан ажил хийлгэхээр тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагад биечлэн хүлээлгэж өгнө.

3.6.Мэдэгдэлд ялтны ургийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүнчлэн албадан ажил хийх цаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдсөн бол энэ тухай нэн даруй мэдэгдэх тухай, ялтны хүмүүжил, ял эдлэлтийн талаарх тодорхойлолтыг мэдэгдэлд заасан хугацаанд ирүүлэх зэрэг асуудлыг тусгана.

3.7.Ялтны ял эдлэлтийн байдалд шийдвэр гүйцэтгэгч хяналт тавихаас гадна, ялтныг ажиллуулахаар гэрээ байгуулсан байгууллага, аж ахуйн нэгж нь дэмжлэг үзүүлнэ.

3.8.Шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдэлд заасан үүргийн биелэлтийг байнга хянана.

3.9.Ялтны ажлын цагийн бүртгэлийг түүний ялыг эдлүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэж, шийдвэр гүйцэтгэгч бүртгэлийг үндэслэн ялын тооцоо хийх бөгөөд аймаг, нийслэлд шийдвэр гүйцэтгэгч 30 цаг тутамд ялтны ажлын байрыг шалгасан тэмдэглэлд ялтан болон ажил олгогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан нар гарын үсэг зурж баталгаажуулсан тамга, тэмдэг байна.

3.10.Ялтныг ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь ялтны албадан хөдөлмөр эрхлэлт, ажлын цаг, ял эдлэлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид ажлын 5 хоног тутамд тогтмол мэдэгдэх үүрэгтэй.

3.11.Албадан ажил хийх ял эдэлж байгаа этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн нэг тойргоос нөгөө тойрогт шилжин ажиллаж болно.

3.12.Ялтныг албадан ажиллуулах ажлын байр тухайн тойрогт байхгүй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаан байгаа бол шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг өөр тойрогт шилжүүлэн ял эдлүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж шийдвэрлүүлэх бөгөөд энэ тухай харьяа прокурорт мэдэгдэнэ.

3.13.Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тавих өдөр тутмын хяналтыг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан холбогдох албан тушаалтан болон ахлах шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлнэ.

Дөрөв. Албадан ажил хийх ялын гүйцэтгэх баримт бичигт тавигдах шаардлага

4.1.Ялтны хувийн хэрэгт дараах баримт бичгийг хавсаргана:

4.1.1.гүйцэтгэх хуудас;

4.1.2.шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол;

4.1.3.тухайн ялыг эдлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн ялтны хүмүүжил, ял эдлэлтийн талаархи тодорхойлолт, ажил олгогч байгууллагын дотоод журмыг танилцуулсан талаар үйлдсэн тэмдэглэл;

4.1.4.ялтны шилжилт хөдөлгөөн зэрэг ял эдлэлтийн байдалтай холбоотой бусад мэдээлэл;

4.1.5.Ялтны эрх үүргийг танилцуулсан тэмдэглэл;

4.1.6.Прокурор ялтны хувийн хэрэгтэй танилцсан тэмдэглэл;

4.1.7.Шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 3.8-д заасны дагуу танилцсан тэмдэглэл;

4.1.8.Бусад холбогдох материал;

Тав.Албадан ажил хийлгэх ял оногдуулах шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргатай  хамтран зохион байгуулах

5.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь албадан ажил хийлгэх ял эдлүүлэхэд шаардлагатай ажлын байрыг тодорхойлох, бий болгох асуудлаар сум, дүүргийн Засаг даргад, сум дүүргийн Засаг дарга нь харъяа байгууллага, аж ахуйн нэгжид уг асуудлаар чиглэл өгнө.

5.2.Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны дарга нь албадан ажил хийх ял шийтгүүлсэн этгээдийг ажлын байраар хангах асуудлаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээний маягт аймаг, сум, дүүрэгт нэг загвартай байна.

Зургаа.Албадан ажил хийлгэх ял эдлэх хугацаа, түүнийг тооцох, ялыг эдэлж дуусгах

6.1.Албадан ажил хийлгэх ял эдэлсэн хугацааг ялтан ажил хийж эхэлсэн цагаас эхлэн тооцож, шүүхийн шийтгэх тогтоолд заасан хугацаа дуусгавар болтол ялыг эдлүүлнэ.

6.2.Ялтан онц байдлын улмаас нийтийн хөдөлмөрийн дайчилгаанд дайчлагдан ажилласан цагийг албадан ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд тооцно.

6.3.Ялтан цагдан хоригдож байсан бол хоригдсон нэг хоногийг найман цаг албадан ажил хийснээр тооцож биечлэн эдлэх ялаас хасч тооцно.

6.4.Ялтан ажлын өдөр тутам 3-8 цаг албадан ажил хийж, оногдуулсан ялыг эдэлнэ.

6.5.Ялтан ял эдлэх хугацаандаа ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгжээс зохиосон олон нийтийн хурал, цуглаан, сургалт болон бусад арга хэмжээнд хамрагдсан, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хуурамчаар өвдсөн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсны улмаас ажиллаагүй бол уг хугацааг албадан ажилласан хугацаанд оруулахгүй бөгөөд дутуу ажилласан цагийг нөхөж ажиллуулна.

6.6.Ялтан шүүхийн шийтгэх тогтоолд заасан хугацаагаар албадан ажил хийж дуусмагц тухайн өдөрт нь, бусад үндэслэлээр ялаас чөлөөлөгдсөн бол ийнхүү чөлөөлөх тухай шийдвэрийг хүлээж авмагц шийдвэр гүйцэтгэгч ял эдэлж дууссан тухай тогтоол үйлдэн, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хааж энэ тухай шийдвэр гаргасан шүүх болон хяналт тавьж байгаа прокурорт бичгээр мэдэгдэнэ.

6.7.Ялтан ял эдлэх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө хүсч болох ба чөлөөг олгохдоо тухайн ялтнаас гаргасан хүсэлтийг харгалзан зөвхөн шийдвэр гүйцэтгэх албаны дарга тушаал гаргах ба Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дугаар зүйлд заасныг баримтлан олгох бөгөөд чөлөөний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцохгүй.

Долоо. Албадан ажил хийлгэх ялыг өөр төрлийн ялаар солих, ялаас чөлөөлөх

7.1.Ялтан аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчих, ажлаа дур мэдэн орхих, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш удаа ажлаас хоцрох, таслах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг нэгээс дээш удаа гаргасан, албадан ажил хийхтэй холбоотойгоор хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журмыг зориуд биелүүлээгүй, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг зөрчил гаргавал ажил олгогч байгууллага энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

7.2.Ялтан зориудаар өвдсөн, эмнэлгийн магадлагаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, чөлөөний баримт, материалыг хуурамчаар бүрдүүлсэн, албадан саатуулагдсан, захиргааны журмаар баривчлагдсан зэрэг нь нотлох баримтаар нотлогдож, ял эдлэхээс ноцтой зайлсхийсэн түүнчлэн энэ журмын 7.1-т заасан нөхцөл байдал бий болсныг ажил олгогч байгууллага шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн бол шийдвэр гүйцэтгэгч зохих газарт нь шалгалт хийж, албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар солих тухай саналыг прокурорт хүргүүлнэ.

7.3.Ялтан хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдсан бол шийдвэр гүйцэтгэгч нь Эрүүгийн хуулийн 75.3-т заасныг үндэслэн түүнийг ялаас чөлөөлүүлэх саналаа ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа харьяаллын прокурорт гаргана.

Найм. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоол гүйцэтгэхийг хойшлуулах

8.1.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг дараах тохиолдолд хойшлуулж болно:

8.1.1.ялтан хүнд өвчнөөр өвчилсөн бол эдгэрэх хүртэл нь;

8.1.2.ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс өмнөх 45 хоног, төрснөөс хойш нэг жил хүртэл хугацаагаар;

8.1.3.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, эсхүл гэр бүлийнх нь хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь хүндээр өвчилсөн буюу бусад хүндэтгэх шалтгаанаар ял эдлүүлэх боломжгүй бол гурван сар хүртэл хугацаагаар;

8.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 8.1-т заасан тохиолдолд албадан ажил хийлгэх ял эдлүүлэхийг хойшлуулах саналаа холбогдох баримтын хамтаар прокурорт гаргана.

Ес. Ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлээгүй этгээдэд  хүлээлгэх хариуцлага

9.1.Хэрэв ажил олгогч байгууллагын холбогдох албан тушаалтан нь энэ журмын 7.1-д заасан зөрчлийн талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид зориудаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан, ялтны цагийг бүртгэлийг хуурамчаар бүртгэсэн зэрэг нь гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг холбогдох материалын хамт прокурорт хүргүүлэх ба гэмт хэргийн шинжгүй бол тухайн байгууллагын удирдлага нь буруутай албан тушаалтанд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.