Монгол Улсын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн” энэ онд зохион байгуулагдахтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр зохион байгуулагдаж байна.

    Уг зөвлөгөөн нь салбарын хувьд анхдугаар гэдгээрээ онцлог бөгөөд тус салбарт ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний чиг үүрэг гүйцэтгэдэг 223 байгууллагын 25000 орчим алба хаагчдаас бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр 1174 алба хаагч ажилладгаас зөвлөгөөнд хамт олноо төлөөлж 280 оролцогч төлөөлөгч оролцож байна.

      Нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчдын мэргэжлийн анхны зөвлөгөөн нь 1965 онд, II зөвлөгөөн 1980 онд, III, IV зөвлөгөөн нь 2003, 2007, онд тус тус зохион байгуулагдаж байжээ. Хамгийн сүүлийн буюу V зөвлөгөөн 2011 онд зохион байгуулагдсан бөгөөд зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн үр дүнд эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилтод чиглүүлэн үндэсний үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэсэн, улс орны хөгжлийг түргэтгэх тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар санхүүжүүлэн, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, ашигт малтмалын салбараас олох орлогын тодорхой хувийг эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чиглүүлэх бодлого баримталсан, санхүүгийн зах зээл, эдийн засгийн мэдээллийн тогтолцоог бий болгосон, иргэд олон түмний санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэн ажилласан байна.

     Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн хүрээнд “Макро эдийн засаг, статистикийн төлөв, байдал, хөгжлийн чиг хандлага”, “Монгол Улсын банк, санхүүгийн чиг хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, аудитын эрх зүйн шинэчлэл, сорилтууд”, “Төсвийн шинэчлэл,сорилтууд” гэсэн сэдэв бүхий 4 салбар хуралдааныг зохион байгуулж зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг улсын VI зөвлөгөөнд оруулах юм.

By admin