Өнөөдөр /2019.06.12/ ШШГЕГ-ын 421 дүгээр нээлттэй хорих ангид “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. Өдөрлөгөөр тус хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигчдээс гаргасан хүсэлтийн дагуу дөрвөн хүмүүжигчийн гэрлэлтийг баталлаа. Мөн зарим хүмүүжигчийг бичиг баримтжуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газар, иргэний бүртгэлийн  хэлтэс болон хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хүмүүжигчдийн ар гэрийнхэн оролцлоо. Үйл ажиллагааг 421 дүгээрнээлттэй хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир нээж, хэлсэн үгэндээ хүмүүжигчдийг хөдөлмөрлүүлэх, сургах, мэргэжлийн чиг баримжаа олгох, шаардлагад нийцсэн орчин нөхцөлд хорих ялыг нь эдлүүлэх, нийгэмд гарахад нь бэлтгэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар товч дурдав.

Энэ үеэр хорих ангид ял эдэлж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэн сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах хүсэлт гаргасан гурван хүмүүжигчид нийгмийн даатгалын дэвтэрийг нь олголоо.

421 дүгээр нээлттэй хорих анги нь хүмүүжигчдийн зан үйлд нөлөөлөх чиглэлээр бичиг үсгийн боловсрол олгох, хууль эрх зүйн мэдлэг эзэмшүүлэх, гэр бүл, сэтгэл зүй, харилцаа хандлага, бясалгал зэрэг төрөл бүрийн багц сургалтуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулдаг байна.

         Мөн ШШГЕГ-ын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран тогооч, мужаан, цахилгаанчин, гагнуурчин зэрэг нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг тогтмол явуулж, энэ оны тавдугаар сарын байдлаар 22 хүмүүжигчид тогоочийн мэргэшил эзэмшүүлээд байна. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран тус ангид ял эдэлж байх хугацаандаа тодорхой хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч ажиллаж байгаа сайн дурын даатгалд хамрагдах хүсэлтэй 80 гаруй хүмүүжигчид нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээн хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлжээ.

            2019 оны эхний хагас жилийн байдлаар 30 орчим хоригдлыг бичиг баримтжуулах материалыг Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлснээс нэр бүхий 10 гаруй хүмүүжигчийн цахим үнэмлэхийг шинээр олгосон. Мөн хүмүүжигчдийг ажлын байраар хангах, цалин хөлс олгох, хохирлыг барагдуулах зорилгоор гэрээт хэсэгт ажиллуулан 2019 оны тавдугаар сарын байдлаар давхардсан тоогоор 200 орчим хүмүүжигчид 27 сая  төгрөгийн цалин хөлс олгож, 30 орчим хүмүүжигчийн иргэд, байгууллагад учруулсан 2 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулжээ.  

By admin