Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311-р ангийн Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг нийт 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин, алба хаагч оролцож байна.

Энэхүү нэрэмжит тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд байнгын бүрэлдэхүүний салаа, хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын багууд оролцохоороо онцлог юм.

Түүнчлэн уг тэмцээн нь үндэсний аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулсан төрийн тусгай албан хаагчид мэргэжлийн дадлага туршлага солилцох, харилцан гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлж, салбар хоорондын үйл ажиллагааг таниулан, хамтран ажиллахад чухал ач холбогдолтой бөгөөд маргааш өндөрлөж дүнгээ гарган шилдгүүдээ шалгаруулна.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Тэмцээнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд шалгаран оролцож байгаа нийт баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү марш-тусгай бэлтгэлийн тэмцээн чухал ач холбогдолтой бөгөөд тэмцээний цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, алба хаагчид идэвхтэй оролцох болсон нь сайшаалтай хэрэг юм. Монголын цэргийн болон хууль сахиулах алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа гайхагдаж байдгийн нэгэн шалтгаан нь байнгын бэлтгэл сургуулилалт, харилцан ажиллагааг бий болгодог марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн гэж хэлж болно.Энэ тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч оролцох, багийн ажиллагаагаа чадваржуулах, бие бүрэлдэхүүнээ сорих, хатуужуулах нь нэн тэргүүний зорилт юм. Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл сургуулилалт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт санаж яваарай. Нийт баг тамирчдад дахин өндөр амжилт хүсье. Монгол цэргийн сүр хүч, яруу алдар мандан бадрах болтугай” гэлээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 311-р ангид “Цэргийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-г гардуулсан үйл явдал боллоо. Энэ үеэр ангийн захирагч хурандаа Д.Дугаррагчаа хэлэхдээ “Энэ шагнал нь манай ангийн үе үеийн захирагч, хамт олны хөдөлмөрийг үнэлсэн төдийгүй, тус ангийн сургуульд хамрагддаг бүхий л алба хаагчдад урам зориг нэмлээ. Манай анги Ерөнхийлөгчийн ивээлд болдог Марш-тактикийн тэмцээнийг өнөөдөр уламжлал ёсоор дэмжин тусалж байна. Бид мөн “Хааны эрэлд” олон улсын дадлага, сургуулийн хүрээнд гадаадын 16 мянган цэргийн энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангасан туршлагатай хамт олон” гэв.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд анх 2003 оноос оролцох эхлэлийг тавьж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол хошууч генерал Гүрийн Рагчаа агсан юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2009 оны тогтоолоор зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит болгосон түүхтэй.

By admin