ХСИС СУРАЛЦАГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЖ,  СОНСОГЧИЙН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагсдын Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ Хууль сахиулахын их сургуулийн жагсаалын талбайд энэ сарын 30-нд боллоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,  ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Төрийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Арвай, Монгол Улсын гавьяат багш С.Бадарчи, харъяа агентлагуудын төлөөлөл, 70 гаруй их, дээд сургуулийн захирлууд, консул, цагдаагийн атташе, багш, алба хаагч,  эцэг эхчүүд оролцлоо.

Тангарагийн баярыг ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Төрийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн нээж, хэлсэн үгэндээ “Хууль сахиулахын их сургуульд шинээр элсэн суралцаж буй сонсогчид цэргийн тангараг өргөсөн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан та бүхэнд баяр хүргэе.

Ная гаруй жилийн буурал түүхтэй тус Их сургууль улс эх орондоо олон мянган алба хаагчдыг бэлтгэн өгч, тэд өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах албанд нэр төртэй хөдөлмөрлөж байна. Энэ ахмад, дунд үеийн залгамж халаа болохоор, төрийн тусгай албанд хүчин зүтгэхээр эр цэргийн тангаргаа өргөж буй эрхэм сонсогч та бүхнийг харахад таатай байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт этгээдүүдийг нийгмээс тусгаарлах, хүмүүжүүлэх, хил хамгаалах, гамшигтай тэмцэх, шинжлэн магадлах үйл хэрэгт мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, сонор сэрэмж, оюун ухаан, ихээхэн тэвчээр, тэсвэр хатуужил  шаардах өвөрмөц нөхцөл байдалд та бүхэн суралцах болж байна.

Та бүхний сурлага, урлаг, спортын амжилтаар их сургуулийн түүх улам баяжигдан гэдэгт миний бие итгэлтэй байна.

Өргөсөн тангаргаа үргэлж давтаж, эх нутаг, ээж аав, ард түмнийхээ итгэл сэтгэлийг санаж, нойронд сэргэг, номонд мэргэн байж, профессор багш нарынхаа заасан эрдэмд шамдан суралцаж, их эрдмийн оргил өөд үргэлж тэмүүлж байхыг захиж байна.

Хууль сахиулахын их сургуулийн алтан босгыг алхан орж ирээдүйд өндөр мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэх эрхэм сонсогч та бүхэнд дахин баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэв

Энэ хичээлийн жилд Их сургуулийн захирлын тушаалаар 300 гаруй шинэ элсэгч сарын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад  амжилттай хамрагдсан суралцагчид цэргийн тангараг өргөснөөр Хууль сахиулахын их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдлээ.

Ийнхүү хэдхэн сарын өмнө сурагчийн ширээнээ  тохой нийлүүлэн сууж байсан хүүхдүүд ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө, ирээдүйн хууль сахиулагч болохоор тангараг өргөлөө.

 

 

By admin