“Төрийн мэдээлэл эмхэтгэлд Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг нийтэлжээ.

Хуульд бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр тусгажээ.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар хуульд тусгасан байна.

Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх, үүрэг, иргэн, хуулийн этгээдэд тус сангаас ашиглуулах мэдээллийн төрлийг тогтоох асуудлыг зохицуулж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох боломжийг бүрдүүлжээ.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх бөгөөд хязгаартай өгөх мэдээллийг тухайн иргэний зөвшөөрлийн дагуу үнэ төлбөртэйгөөр, мөн хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд иргэний зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй олгох бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө хуульд заасан нээлттэй, хаалттай мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоох аж.

Нотариатч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах, хаягийн мэдээллийг авах зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх эрх авч болох аж.

Мөн дугаарт Иргэний улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэлсэн байна.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлж, шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний арьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгажээ.

Иргэн овог, эцэг /эх/-ийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргах, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор, мөн бүртгэлийг хөтлөхөд Засаг даргын шийдвэрийг үндэслэдэг байсныг өөрчилж, бүртгэлийг улсын бүртгэгч бүртгэх, оршин суух хаяггүй иргэний хүсэлт мөн хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох,

-энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жилийн хугацаатай олгох зэрэг харилцааг тусган хуульчилсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Татаж авах

By admin