Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэллээ.

Эхний ээлжинд Цагдаагийн ерөнхий газрын Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн “Target ID”, “Sabre 5000” тоног төхөөрөмжийг өнөөдөр /2018.05.08/ хүлээлгэн өгч, алба хаагчийг дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан. Энэхүү тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд Англи улсаас ирсэн мэргэжилтнүүд алба хаагчдад дадлагажуулах сургалтыг зохион байгуулж буй нь онцлог юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэ ондоо багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон бусад аймаг дахь цагдаагийн газрыг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах аж.

By admin