Эмхэтгэлийн шинэ дугаарт Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед тухайн банкинд хаанаас, хэрхэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар дээрх хуулиар тодруулж өгчээ. Тухайлбал, Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгохоос гадна хөрөнгийн чадвар муудсан банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр заасан. Хэрэв Хадгаламжийн даатгалын корпорацид даатгалд өгөх нөхөн төлбөрийн хөрөнгө дутагдвал Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж болохоор тусгажээ.

Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, бие даан банкуудад хяналт шалгалт явуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгосон байна. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хадгаламжийн даатгалын корпораци нь улсын байцаагчийн эрхтэй хянан шалгагчтай байх бөгөөд Монголбанктай давхардалгүй хяналт шалгалт явуулдаг, зөрчилд арга хэмжээ авах эрхтэй болсноор шуурхай, бодитой эрсдлийн үнэлгээ хийх боломжтой болж буй аж.

Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар нөхөн төлбөр авах өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд нөхөн төлбөр авах талаарх асуудлыг зохицуулжээ. Өмнөх зохицуулалтаар данс эзэмшигчийн тухайн банкин дахь бүх дансыг нэгтгэн тооцоод 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгодог. Энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч насанд хүрээгүй бол эцэг эх нь хамтран эзэмшигчээр бүртгүүлдэг одоогийн тогтолцооны дагуу хамтран эзэмшигчийн дансанд нэгтгэгдээд, тухайн насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн эрх ашиг хохирдог. Өв залгамжлал мөн адил. Тиймээс энэ өөрчлөлтөөр тухайн данс бүрд нөхөн олговор олгодог болохоор шийдвэрлэсэн байна

Мөн дугаарт Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Прокурорын тангараг өргөх ёслолын журам батлах тухай, Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Татаж авах

By admin