Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газархамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх  тухай” хуулийн   төслөөр өнөөдөр /2018.01.24/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны  Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Мөнхцэцэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дарга, хошууч П.Энхмаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн П.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцож, “Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал”, агуулга ач холбогдлын талаар  илтгэл тавьж,  хэлэлцүүлэг өрнүүлэв.

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.  Албадан эмчилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх  тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ болон Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын хэсэг уг хуулийг боловсруулан ажиллаж байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гаргасан боломжтой санал хүсэлтүүдийг хуульд тусган оруулах юм.

By admin