Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу согтуурах донтой хүнийг албадан эмчлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, албадан эмчлэх баруун бүсийн эмнэлгийг Баянхонгор аймагт байгуулах ажлаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл, ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Содгэрэл нар Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн П.Янжмаа, ”Жаргалтай амьдрал төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын сэтгэц, наркологийн эмч Б.Мөнхсүлд нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал”  сэдэвт үндэсний чуулга уулзалтаас гарсан зөвлөмжид тус албаны үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлууд хөндөгдсөн талаар мэдээлэл солилцсон юм.

Чуулганаас гаргасан зөвлөмжид тусгасан зарим онцлох үйл ажиллагааг иш татвал:

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах;

Гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;

Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

Хорт буруу зуршилд автах, донтохоос урьдчилан сэргийлэх болон нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх;

Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх жишиг үйлчилгээний төвийг байгуулах, салбар дундын зохицуулалтыг ханган ажиллах;

Аймаг, нийслэл, дүүрэг бүр эрэгтэйчүүдийн, хөвгүүдийн хөгжлийн тусгай хөтөлбөрийг Орон нутгийн хөгжлийн сангаас дэмжиж хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээг төсөвлөх, хэрэгжүүлэх, холбогдох талуудтай хамтран ажиллах зэрэг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг зөвлөмжид тусгасан нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй уялдаж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн архинд донтох эмгэгтэй хүнд сайн дурын болон албадан эмчилгээний хосолмол эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх талаар санал солилцож, баруун бүсийн наркологийн эмнэлгийн /100 ор бүхий/ үйл ажиллагааг 2023 онд эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох судалгааг хамтран хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжлан шийдвэрлүүлэхээр тогтлоо.

By admin