Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 31 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 31 дугаарын тойм

Эмхэтгэлийн энэ дугаарт Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/-ийн хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын хамт нийтлэв. Хуулиар хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахын зэрэгцээ дараах онцлог зохицуулалтыг тусгажээ. 

   -Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож, хуулийн хамгаалалтад орох эрх нь үүснэ. 

    -Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үл ялгаварлан гадуурхах, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах, барьцаа хэрэглэхгүй байх, нийгмийн түншлэлийг хангах, эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, шударга бус үйлдэл, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг тус тус хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зэрэг суурь эрхийг хамгаалах зарчмуудыг тусгасан байна.

    -Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөрийн гэрээнд шаардагдах баримт бичиг, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болгож, хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгаж, иргэд хооронд байгуулах гэрээг тусгайлан зохицуулсан байна. 

   -Жирэмсэн эмэгтэй, гурав хүртлэх насны хүүхэдтэй ажилтанг өөрөө зөвшөөрөөгүй бол амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглосон. Мөн эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгохоор тусгасан.

    -Дагалдангаар ажиллах, дагалдан суралцах, туршилтаар ажиллуулах, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах гэрээсээ, зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөхөөр зохицуулсан.

     -Хуулиар зохицуулагдаагүй байсан туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан болон тэдгээртэй адилтгах ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулж бусад ажилтны нэгэн адил хөдөлмөрийн харилцааны үндсэн эрх эдэлж, холбогдох үүргийг хүлээхээр хуульчилжээ.

    -Уул уурхай, олборлолтын салбарт уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгосон бөгөөд дээр заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцохоор зохицуулжээ.

    -Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байхаар ажил олгогчид үүрэг болгосон.

    -Ажилтны ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр ажилтан нь ажил, амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалах нөхцөл бүрдэнэ.

  -Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүргийг хүлээсэн.

    -Хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцааны зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаа өөр ажилд ажиллах хүч нийлүүлэх гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.

    -Ажил олгогч энэ хуульд заасан хугацаанд хамтын хэлэлцээг эхлүүлээгүй, түүнээс шалтгаалж хамтын хэлэлцээ зогсонги байдалд орсон, мөн ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн зуучлал болон арбитрын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан, эсхүл зуучлалын шатанд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд үйлдвэрчний эвлэл нь ажил хаялтыг санаачилж, зохион байгуулах эрхтэй байхаар хуульчилсан. 

    -Хөдөлмөрийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй бөгөөд харилцан тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг зохицуулах, хөдөлмөрийн арбитраар маргааныг эцэслэн шийдвэрлэх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зохицуулсан байна. 

    Мөн энэ дугаарт Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нийтлэв.