Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 24 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 24 дугаарын тойм

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн  эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай болон Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ. Тухайлбал, Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс 2017 оноос хамрагдаж, энэ тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар өсгөж хуульчилсан нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, Нийгмийн даатгалын санд ачаалал үзүүлэхгүй байх ач холбогдолтой шийдвэр байсан ч цар тахлын үед аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн ашиг орлого буурч, татварын ачаалал үүсгэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийг батласан. Хуульд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгож бууруулахаар тусгасан бөгөөд хуульд ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болох ажээ. 

    Мөн энэ дугаарт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг тус тус нийтэлсэн. Зарим нэр бүхий шүүгч нас барсан болон өөрийнх нь хүсэлтийг харгалзан “Шүүгийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарилгуудыг гаргасан байна. 

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтлэв. “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолоор эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг солих асуудлыг магадлан шийдвэрлэх, оролцогч талуудын үйл ажиллагаа, эрх, үүргийг тодорхойлох, урамшуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна. Түүнчлэн уг тогтоолд “эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс” нь Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд, “орон нутгийн комисс” нь  аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд тус тус ажиллахаар тусгасан бөгөөд Төв комиссын дэргэд орон тооны бус Сэтгэцийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс, Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс тус тус ажиллахаар зохицуулсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.