Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ  удаа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

    Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцээд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталлаа.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд нь буюу нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 153,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар баталлаа

ТӨСВИЙН ОРЛОГО: 

Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 11,797.8 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталлаа. Ирээдүйн өв санд 1,180.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн хуримтлал үүсэхээр боллоо. 

2021 онд татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр татварын орлогыг бүрдүүлэхээр тооцон дараах хэмжээгээр татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр баталлаа:

-нэмэгдсэн өртгийн албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 526.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 2,804.0 тэрбум төгрөгийг;

-аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 166.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 1,902.6 тэрбум төгрөгийг;

-онцгой албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 204.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 939.2 тэрбум төгрөгийг;

-гаалийн албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 164.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 935.0 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэх юм.

2020 онд уул уурхайн салбарын орлогыг 3,396.5 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцож баталлаа. Энэ нь төсвийн нийт орлогын 25.8 хувийг эзлэх юм. Гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж уул уурхайн салбарын голлох орлогыг бүрдүүлнэ гэж үзлээ.

ТӨСВИЙН ЗАРЛАГА: 

Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 13,951.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зарлагыг 10,968.8 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 3,541.6 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 558.9 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа. 

Төрийн албан хаагчийн цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны түвшинд нь батлав. 

2021 онд 1,415.4 тэрбум төгрөгийн хэмжээтэй гадаад зээл тусламжийн хөрөнгөөр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр баталлаа. 

Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх замаар эрсдлийг бууруулах, эрүүл мэндийн салбарын реформыг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг өмнөх онуудаас эрс нэмэгдүүлэн 1 их наяд 400 орчим сая төгрөгөөр батлав. 

Засгийн газрын тусгай сангийн зардлыг нийт 5.6.6 их наяд төгрөгөөр батлав. Төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэж Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг нийт 24.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталлаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн харилцан адилгүй байдал, 2020 оны төсвийн жил дэх явц байдал, хэрэгжилт, гүйцэтгэл зэргээс шалтгаалан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлэх, бууруулах, төслөөс хасах, шинээр нэмэх, мөн 2022 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр нийт төсөвт өртгийг 72.1 тэрбум төгрөгөөр, 2021 онд санхүүжүүлэх дүнг нийт 1.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж баталлаа. Ингэснээр Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд нийт 3,763.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1100 төсөл, арга хэмжээг 1,390.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлнэ. Мөн “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266,268.7 сая төгрөг төлөхөөр баталлаа. 

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: 

Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 163,020.2 сая төгрөгөөр батлав. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 220,701.8 сая төгрөгөөр баталлаа.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР: 

2021 оны төсвийн жилд Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,815,030.5 сая төгрөгөөр баталлаа. Өмнөх жилүүдэд үүссэн зарим өрийн төлбөрүүд 2021 онд үргэлжлэн хийгдэнэ. Тухайлбал, 2014 онд арилжаалсан 30.0 тэрбум иений “Самурай” бондын төлбөрөөс 2021 оны төсвийн жилд 456.0 сая иен буюу 12.4 тэрбум төгрөгийн төлбөр хийгдэнэ. 2014 онд Засгийн газрын баталгаа гаргасан 162.0 сая ам.долларын БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн төлбөрөөс 2021 оны төсвийн жилд 27.0 сая ам.доллар буюу 79.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 2.9 сая ам.доллар буюу 8.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөнө.  2013 онд Засгийн газрын баталгаа гаргасан Боинг агаарын хөлөг худалдаж авах 3 дэд хэсгээс бүрдэх 121.4 сая ам.долларын зээлийн төлбөрөөс 2021 оны төсвийн жилд АНУ-ын Экспорт Санхүүжилтийн Хувийн Корпорацийн зээлээс 8.2 сая ам.доллар буюу 24.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.4 сая ам.доллар буюу 1.2 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөнө. 2016 онд Засгийн газрын баталгаа гаргасан “Эрдэнэс-Монгол” ХХК-ны үйл ажиллагааны эрсдлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд АХБ-наас авсан 35.0 сая ам.долларын зээлийн төлбөрөөс 2021 оны төсвийн жилд 0.16 сая ам.доллар буюу 0.5 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.22 сая ам.доллар буюу 0.7 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөнө.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ: 

Нийгмийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд 2,398,687.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа. Нийгмийн даатгалын сангаас зарцуулах зардлын хэмжээг 2,594,280.5 сая төгрөгөөр баталлаа. Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 103,736.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр баталлаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ: 

Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 951,266.5 сая төгрөгөөр батлав. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд Эрүүл мэндийн сайд 136,400.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр баталлаа.

By admin