Home » Мэдээ мэдээлэл » Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 14 дугаарын тойм

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 14 дугаарын тойм

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Нэмэлт протокол соёрхон  батлах тухай  хуулийг “Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт, протокол”-ын хамт нийтэллээ. Хууль батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм байна. 

    Мөн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн. Уг тогтоолуудаар  Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Үйлдвэржилтийн байнгын хороо, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим гишүүдийг чөлөөлж, баталсан болон “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог 23 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан талаарх мэдээлэлтэй танилцах боломжтой.

    Түүнчлэн эмхэтгэлд Монгол Улсын Засгийн газрын “Дүрэм шинэчлэн батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг нийтлэв. Жендэрийн үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоол нь жендэрийн тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн төдийгүй үндэсний хорооны дүрмийг Монгол Улсын Засгийн газар, ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар тус тус батлахаар тусгасан байна. Харин “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-аар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хүнд гэмтэл учирсан хохирогчид Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулжээ. Улмаар сангийн хөрөнгийн зарцуулалт, уг сангийн удирдлага, зохион байгуулалт, нөхөн төлбөр олгуулах хүсэлт гаргах, өргөдлийг хянан шийдвэрлэх, нөхөн төлбөрийг буцаан төвлөрүүлэх, гомдол гаргах, хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан талаар дэлгэрэнгүй танилцах боломжтой.