Эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв. Тус тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 16 сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар 2021-2024 онд 153 хуулийн төсөл, 14 Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хугацаа, хариуцан боловсруулах байгууллага, хууль тогтоомжийн төсөл боловсруулах үндэслэл,  товч утгыг  заан тусгасан бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газарт дээрх тогтоолоор үүрэг болгосон байна. Тогтоолын хавсралтад заасан хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд хамаарахгүй юм.

    Мөн Улсын Их Хуралд жил бүрийн намрын чуулганы хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг хүргүүлэхийг Засгийн газарт тогтоолоор даалгасан бөгөөд Улсын Их Хурал нь тус тайланг тухай бүр хэлэлцэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах аар тусгажээ. Үндсэн чиглэлд тусгагдсан 153 хуулийн төслөөс 2021 онд 117,  2022 онд 25, 2023 онд 11,  Улсын Их Хурлын 14 тогтоолын төслөөс 2021 онд 5, 2022 онд 8, 2023 онд 1 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан болно. Үндсэн чиглэлд тусгагдсан 153 хуулийн төслийн 50 нь шинэчилсэн найруулга, 45 нь анхдагч хуулийн төсөл, 49 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 9 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байна. 

    Түүнчлэн энэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд өөрчлөлт оруулж, журам батлах тухай” тогтоолыг нийтэллээ. Тогтоол нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх, үүргийг тогтооход чиглэсэн бөгөөд Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн орлогч дарга байхаар зохицуулж, уг зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга түүний үүргийг хэрэгжүүлээр тусгасан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

By admin