Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан хууль болон хэлэлцээрийн хамт нийтэллээ. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)- ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэх бөгөөд нийт 25.0 тэрбум иений санхүүжилтийг олгохоор болжээ.     

    Мөн энэ удаагийн дугаарт Улсын Их Хурлын зарим тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал, уг тогтоолуудад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоож, тус нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх цаашлаад нөхөн сонгуулийн зардлыг тусгажээ. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний 7 гишүүний бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан Монголын үндэсний олон нийтийн  радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилсонтой дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай” тогтоолыг нийтэлсэн. Уг тогтоолын гол  зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн эрх, үүрэг, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Тухайлбал, Үндэсний зөвлөлийн эрх, үүрэгт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэх; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага, иргэдийн санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах; Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрмийг батлах зэргээр тодорхой тусгасан.

By admin