Эрүүгийн хуульд тусгасан Зорчих эрхийг хязгаарлах ялыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, “Зорчих эрхээ хязгаарлуулсан хэрэгтнүүдэд цахим гав зүүнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл “Цахим гав”-ыг хэрхэн хэрэглэх, хянах, тус гав нь ямар байх, гав зүүсэн хүмүүсийг нийгмийн гадуурхлаас хэрхэн сэрггийлэх тэргүүтэй асуудлаар ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга Д.Одсэртэй ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ялын төрлийг нэмсэн. Засгийн газрын хуралдаанаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнтэй холбоотой нийгэмд төөрөгдсөн мэдээлэл нэлээд гарч байна. Зорчих эрхээ хязгаарлуулсан хэрэгтнүүд дахин гэмт хэрэг үйлдэх боломж бүрдэж байна гэх мэт. Ер нь ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүн Зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүлэх юм бэ?

-2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр нэмсэн. Өнөөдөр цоо шинээр гараад ирсэн ялын төрөл биш. Харин тодорхой шалтгааны улмаас хэрэгжилтийг түр хойшлуулаад байсан юм. Эрүүгийн хуулийн 197 заалтад энэ ялыг сонгож хэрэглэхээр заасан байдаг. Тухайлбал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, алдуул мал, гээгдсэн хөрөнгө завших, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэх мэт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар заасан. 

-Ийм төрлийн гэмт хэрэгт жилд ойролцоогоор  хэчнээн хүн холбогддог юм бэ. Үүнээс хэд нь Зорчих эрхээ хязгаарлуудаг юм бол?

-Бид статистик тоо баримт дээр үндэслэн судалгаа хийсэн. Ингэхдээ 2021 онд 1000 гаруй хүнд шүүхээс ийм төрлийн ял ногдуулах магадлалтай гэж тооцоолсон. Жил бүр тоог нь гаргаад явна.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх үү. Цахим гав зүүчихээд гэмт хэрэг үйлдээд байх эрсдэлтэй юм биш үү?

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, зөвхөн тогтоосон чиглэлээр зорчихоос бусад газарт зорчихыг хориглох зэрэг хэлбэрээр хэрэгжүүлж, түүнд хяналт тавина. Тэгэхээр ял шийтгэгдсэн хүнд тодорхой үүрэг хүлээлгэнэ.Тухайлбал, хохирогчийн ажил, сургууль, гэрт очих эсвэл тодорхой зайд ойртохыг хориглох гэх мэт үүрэг хүлээлгэнэ. 

Цахим бугуйвчны онцлог нь хориглосон бүсэд буюу очихыг хориглосон газар, обьектод ойртсон, нэвтэрсэн тохиолдолд тухайн этгээдэд анхааруулга өгөхийн зэрэгцээ хяналт тавьж байгаа ажилтанд дохио өгөх горимтой юм. Тэгэхээр гэмт хэрэгтэн хохирогч руу буюу хориглосон бүсэд ойртвол манай гэмт хэргийн удирдлагын төвд мэдээлэл очно. Үүнд бид хяналт тавина. Мөн энэ төрлийн ялыг техникээр хянаж байгаа ч шийдвэр гүйцэтгэгч биечлэн хяналт тавина. Ингэхдээ гэр болон ажлын байранд нь очиж тогтмол хяналт тавих юм.

-Жилд 100 гаруй хүн цахим гав зүүнэ гэхээр удирдлагын төв бүрэн хянаж чадах уу. Манайх автобусны GPS-ээ хянаж чаддаггүй шүү дээ?

-1000 хүнийг нэг дор хянах бүрэн боломжтой. Үүнийг зөвхөн манай улс шинээр хэрэглэж байгаа юм биш. Дэлхийн 30 гаруй улсад энэ ялыг хэрэглэж байна. Анх 1983 онд АНУ хэрэглэж эхэлсэн байдаг. Түүнээс хойш Европ болон Америкийн улсууд энэ ялыг ашиглаж буй. Сүүлийн жилүүдэд Азийн орнууд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Евро Азиас ОХУ, Турк, БНСУ зэрэг улс хэрэглэж эхэлжээ. Эдгээр улсад жилд 3-6 мянган хүнийг нэг дор цахим бугуйвчаар хянаж байна. Тэгэхээр цаашид 1000-гаас дээш хүнийг хянах боломжтой.

-Цахим гав зүүсэн хүн байнга сүлжээтэй газар байх шаардлагатай гэсэн. Гэтэл ахуйн ямар нэг шалтгаанаас болоод гав нь цэнэггүй болчихвол хуулийн байгууллагаас хянах боломжгүй юм биш үү?

-Энэ гав нь аюулгүй ажиллагааны бүрэн хяналттай. Цахим бугуйвчийг гэмтээх, эвдэх, авах гэж оролдохоос урьдчилан сэргийлсэн. Таслах гэж оролдвол хяналтын төвд мэдээлэл тэр дороо очно. Мөн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхаар шийдсэн. Олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан гэж ойлгож болно. Үүнээс гадна -25-аас +65 градуст тэсвэртэй, ус, чийгний хамгаалалттай, шороо, тоос орохгүй. Мөн гар утас шиг цэнэглэнэ.

-Хэрэгтэн цахим гавыг цэнэглэхгүй бол яах вэ?

-Энэ ялаар шийтгүүлсэн хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тодорхой үүрэг хүлээнэ. Ингэхдээ тухайн цахим бугуйвчныхаа хэвийн ажиллагааг хангах ёстой. Энэ нь цахим бугуйвчаа заавал цэнэглэнэ гэх мэт үүрэг хүлээж байгаа гэсэн үг. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол ялыг нь солих зэргээр дараагийн шатны арга хэмжээг авна.

-Цахим гавыг хөнгөн ялтай хүмүүст зүүнэ гэсэн. Тэднийг нийгмээс тусгаарлахгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлөөр хангана гэж байгаа. Гэтэл гав зүүсэн хүнийг олон нийт хэрэгтэн гэж харна. Хэрэгтэн ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэл үүсэж байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Цахим бугуйвчийг тухайн хүн гартаа эсвэл хөлдөө зүүж болно. Хүний нүдэнд өртөөд байх том хэмжээтэй биш.

-Ирэх оноос Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлнэ гэсэн. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Бэлтгэх ажлыг хангаж байна. Цахим гав авах газруудаа ч нэлээд судалсан. Ингэхдээ Америк, Израиль, Солонгос, БНХАУ зэрэг улсад хэрэглэж байгаа цахим бугуйвч, түүнийг ажиллуулж буй программ хангамжийн техник хэрэгслийг нэлээд судаллаа. Мөн тодорхой хэмжээнд туршилт хийсэн. 

-Авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх үү?

-Эрүүгийн хуульд хорих болон хорихоос өөр дөрвөн төрлийн ял байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгүүлж байгаа бүх хүн зорчих эрхээ хязгаарлуулна гэсэн үг биш. Гэмт хэрэгтний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар байдал зэргийг харгалзан шүүхээс ялын төрлийг сонгон хэрэглэх байх.

-Зорчих эрхийг хязгаарлах хугацааг хэрхэн зааж өгсөн байдаг бол?

-Эрүүгийн  хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг нэг сараас таван жил гэж заасан.

-Ялын төрлийг сонголттой болгосон нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хорих ангид ял эдлэх хүний тоог бууруулж байгаа юм. Ингэснээр хорих ангийн зардлыг хоёр дахин бууруулна. Мөн тухайн хүн ял шийтгэл хүлээсэн ч нийгэм, хамт олон, гэр бүлийнхнийхээ дунд ажил хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох, хөдөлмөр эрхэлснээр  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулах боломж нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой.

By admin