Home » Мэдээ мэдээлэл » “Анх удаа хөнгөн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим гав зүүнэ”

“Анх удаа хөнгөн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим гав зүүнэ”

"Анх удаа хөнгөн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим гав зүүнэ"

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Эрүүгийн хуулийн 197 залтад зорчих эрхийг хязгаарлах тухай зохицуулалтыг хуульчилсан байгаа. Ялтан мэдээлэл дамжуулах бугуйвчийг зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчих замыг нь зааж болно. Гуравдугаарт, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх хязгаарлалтыг хийж болно. Хуулийн энэ зохицуулалтын хэрэгжилтийг хоёр удаа хойшлуулж байсан. Энэ нь техник хэрэгслийн бэлтгэл ажилтай холбоотой. Харин 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гарцаагүй хэрэгжүүлнэ. Энэ ялыг хэрэгжүүлснээр тухайн хүн ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэнэ. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Ийм ял явсан хүмүүсийг хянах мэдээллийн төв зөвхөн Улаанбаатар хотод ажиллана. Бид 2021 онд ойролцоогоор 1080 орчим хүнд ийм ял оноох магадлалтай гэсэн тооцоо хийсэн. Үүнийхээ дагуу бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ гав нь дотуураа ган тороостой, мөн тусгай кодоор нээгддэг учраас гар, хөлнөөсөө салгах боломжгүй. Ямар нэг аргаар тайлсан, зориуд эвдэлсэн тохиолдолд ял нь хорих ялаар солигдоно.

Энэ гавыг худалдан авах ажлыг зохион байгуулахаар үнийн санал авч байгаа. Хамгийн хямд бөгөөд технологийн шийдлийг бүрэн хангасан гавыг сонгоно” гэлээ.

Мөн одоо хоригдож байгаа хүмүүс 2021 оноос суллагдаж гав зүүх боломжтой эсэхийг тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тэгшитгэл хийх эрх нь шүүхэд хадгалагдаж байгаа. Тэгэхээр хууль хэрэгжиж эхлэхээр Дээд шүүх шийдвэрээ гаргах байх” гэв. 

Total Page Visits: 10 - Today Page Visits: 1