Энэ удаагийн эмхэтгэлд Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нийтэлсэн.

Уг хууль батлагдсанаар шинэ коронавируст (КОВИД-19) халдвартай тэмцэхэд зориулан эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгуулаад байна.

  Дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавируст халдварын цар тахлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө ихсэж байгаа тул Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөлд нийцүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.  Уг хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон  бөгөөд 7 зүйлтэй.

Хуульд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай  дараах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, “гамшгийн онцгой нөхцөл байдал”, ”гамшгаас урьдчилан сэргийлэх”, “хүмүүнлэгийн тусламж”, “хорио цээрийн дэглэм”, “хязгаарлалтын дэглэм”, “бэлэн байдал” зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмсэн байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолж, гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар нэмэлт оруулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулахын зэрэгцээ Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж тусгажээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай  холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасан төдийгүй голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувиас доошгүй байх, алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид тухайн аймгийн харьяалалгүй алба хаагчийг томилон ажиллуулбал түүнд албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг улирал тутамд олгох, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгохоос гадна онцгой байдлын байгууллагын захиалгаар суралцсан, онцгой байдлын алба хаагчийг бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цэргийн цолтой ажилласан, хугацаат цэргийн алба хаасан, онцгой байдлын сургуульд сонсогчоор суралцсан, уул уурхайн аврах албанд ажилласан хугацааг онцгой байдлын байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцохоор хуульчилж, алба хаагчдын үүргээ биелүүлэх баталгааг хангажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр  батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан  тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох  тухай” тогтоолын хавсралтад  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, -Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай, “Түр хороо байгуулах тухай”  зэрэг Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэллээ.

By admin