Эмхэтгэлийн шинэ дугаарт  Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай /Шинэчилсэн найруулга/-ыг нийтэлжээ. Уг хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих болон эрүү шүүлтээс ангид байх үндэсний тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчинг тодорхойлж, түүнчлэн комиссын гишүүдийн тоог 5 болгох, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусган комиссын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг бэхжүүлсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх болон олон улсын хүний эрхийн гэрээний биелэлтийн талаарх илтгэл боловсруулах, тайлагнах, хэрэгжүүлэх үйл явцыг боловсронгуй болгох, Комисст гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тамгын газрын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох, аливаа байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүнээс хүргүүлж байгаа шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлдэг байх зохицуулалтыг тусгажээ.

Мөн дугаарт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг нийтэлсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь 11 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна.

Өнөөдрийг хүртэл орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан асуудлыг арилгаж орон нутгийн Хурлын дахин болон нөхөн сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулах, дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулахаар хуульчилжээ.

1996 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсоноос хойш орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирсэнийг сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор нээж өгчээ.

Төлөөлөгчдийн Хуралд 18 насанд хүрсэн, энэ хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэн нэр дэвших боломжтой боллоо.

Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах юм байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн Орон нутгийн Хурлын сонгуулийг аль болохоор улс төржүүлэхгүй байх зорилгоор:

–      мөнгөн хандивийн хэмжээг иргэний хувьд 2 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөг хүртэл байхаар бууруулжээ.

–      сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгон багасгаж,

–   нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон байна.

Орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд анхны удаа квотын асуудлыг хөндсөн бөгөөд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байхаар зохицуулжээ.

Орон нутгийн Хурлын сонгууль нь намар орой болдог зэрэг онцлогыг харгалзан санал хураалтыг 20 цагт хаадаг байхаар хуульчилж, нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хоригложээ. Хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг мөн эмхэтгэлд нийтэлжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай, Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ

By admin