Эмхэтгэлийн шинэ дугаарт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг нийтэлжээ.

Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг нь нэг цэгээс олон цэгт нэгэн зэрэг мэдээлэл түгээж, айл гэр нэг бүрт хүрч байдаг онцлог мэдээллийн хэрэгсэл болохын хувьд тухайн улс үндэстний нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн сэтгэл зүйн төлөвшилд сайн, муу хоёр талаар нөлөө үзүүлэх боломжтой мэдээллийн хүчтэй хэрэгсэлд тооцогддог билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа радио, телевиз нь ардчиллын суурь зарчим болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, редакци хараат бус байж, олон талт, тэнцвэртэй мэдээ, мэдээлэл хүлээн авах, олон ургальч үзлийг дэмжихэд чухал үүрэгтэй мэдээллийн гол хэрэгсэл юм. Иймд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд дээрх үндсэн зарчмуудыг хангах нөхцөлийг бүрдүүлэх чухал хууль бол Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм.

Өнөөдөр Монгол Улсад нийт 153 телевиз, эдгээрээс өргөн нэвтрүүлгийн телевиз-80 (Улаанбаатар хотод-20, орон нутагт-60), төрөлжсөн хөтөлбөртэй 73 суваг (Улаанбатаарт- 64, орон нутагт-9), 65 радиогийн үйлчилгээ эрхлэгчид, мөн 41 олон сувгийн дамжуулах оператор компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж, иргэд, олон нийт Монголын болон гадаадын олон сувгийн хөтөлбөрийг нээлттэй, олон эх сурвалжаас хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, агуулгад үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шаардлага тавих эрх зүйн орчин бүрдэж,  өргөн нэвтрүүлгийн нэр томъёо, үйлчилгээний төрөл, ангиллыг тодорхойлж, тусгай зөвшөөрөл олгох зарчим, шалгуур үзүүлэлт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүлээлгэх үүрэг хариуцлага тодорхой болсон байна.

Өргөн нэвтрүүлгийг улс төрийн нам, эвсэл, аливаа шашны байгууллага, гадаад улсын төрийн өмчит байгууллагаас ангид байлгах зорилгоор эзэмшлийн хязгаарлалтыг тогтоох, эзэмшлийн ил тод, хараат бус байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэт төвлөрөл үүсэхээс хамгаалах нөхцөл бүрдсэнээс гадна өргөн нэвтрүүлэгт үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, тухайлбал, үндэсний эрх ашгийг дээдлэх зарчим, олон нийт, нийгмийн өмнө хүлээх өргөн нэвтрүүлгийн онцлог үүрэг хариуцлагыг тодорхой болох бөгөөд өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлага, Монгол бүтээлийн хувь хэмжээ, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн хувь хэмжээг тогтоож, хэрэгжилтийг хангуулах боломжтой болсон байна.

Төрөөс үндэсний түүх соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний дархлааг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих сан байгуулж, санг улсын төсвөөс санхүүжүүлэн үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд дэмжих нөхцөл бий болжээ.

Мөн дугаарт Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөлийг байгуулж, зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн даргаар байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд бүрэлдэхүүн болон ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхий сайд батлахаар заасан байна.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах, улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах, ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох зэрэг бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллахаар заажээ.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд тусгасан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард оруулсантай холбогдуулан ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан зарим нэр томъёог тодорхой болгох, хяналт тавих этгээдийг ялгамжтай байдлыг хангах, Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах, ажлын уялдааг хангах, үйл ажиллагааг өргөжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт тавих эрх зүйн орчинг бүрдүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, Монгол Улсын Ерөнхий сайдын эрх хэмжээний хүрээнд асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжруулах, дээрх асуудлыг хуульчилан зохицуулснаар хууль хоорондын зөрчил арилгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.            

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлахаар, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд тусган баталсан байна.

Түүнчлэн ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нийт 29 тойрог байгуулахаар, Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойрог болгохоор тогтжээ.

Мөн дугаарт Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц соёрхон батлах тухай хуулийг конвенцын хамтаар нийтэлжээ

By admin